Грект бүх нийтийн ажил хаялт зарлалаа
Өрийн хямралаас үүдэлтэй жагсаал цуглаан тус улс даяар хэдхэн жилийн өмнө болж байсан юм. Тэгвэл энэ удаад ч мөн үүнтэй холбоотой жагсаал болж байна гэж болно.
Мэдээллийн алба

Грект өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаал болж байна. Өрийн хямралаас үүдэлтэй жагсаал цуглаан тус улс даяар хэдхэн жилийн өмнө болж байсан юм. Тэгвэл энэ удаад ч мөн үүнтэй холбоотой жагсаал болж байна гэж болно.
Грек даяар өчигдрөөс эхлэн эдийн засгийн хатуу арга хэмжээний эсрэг бүх нийтийн ажил хаялт зарлаад байна. Тус улсын томоохон үйлдвэрчний эвлэлийнхэн энэ эсэргүүцлийн ажиллагааг удирдан зохион байгуулж байна.
Бүх нийтийг ажил хаяж, гудамж, талбайд гарч жагсахыг уриалсан учир өчигдөр нийслэл Афин хотод л гэхэд нийтийн тээврийн хөдөлгөөнд доголдол гарчээ. Дотоодын нислэгүүд мөн хойшлогдож, цуцлагдаж байсан бол хөлөг онгоцууд боомтоосоо хөдөлж чадахгүйд хүрч байлаа.
Олон нийтийн гэгдэг бараг ихэнх байгууллага хаалттай байжээ. Жагсаал зохион байгуулагчид 2018 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа парламентын ордны гадна жагсахыг уриалж байлаа.
Грекийн Засгийн газар "Еврогрупп" олон улсын валютын сангаас зээл тусламж авсныхаа хариуд зардлаа бууруулах, тэтгэвэр тэтгэмжийг багасгах арга хэмжээ авахаа амласан юм. Харин ийм хатуу бодлого Грекийн ард иргэдийг боомилж байна гэж Үйлдвэрчний эвлэлийнхэн үзэж байна.


















