Гүржийн Ерөнхий сайд огцров
Гүржийн Ерөнхий сайд Ираклий Гарибашвили хоёр жил бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ дараа огцрох шийдвэр гаргаснаа зарласан байна.
Мэдээллийн алба

Гүржийн Ерөнхий сайд Ираклий Гарибашвили хоёр жил бүрэн эрхээ хэрэгжүүлснийхээ дараа огцрох шийдвэр гаргаснаа зарласан байна. Тэрээр энэ гэнэтийн шийдвэрээ тайлбарлахдаа "Ерөнхий сайд байх хугацаандаа улс орноо хямралаас гаргах хүлээсэн чиг үүргээ биелүүлж дууссан" гэдгээс өөр тоймтой шалтгаан хэлээгүй байна. Гарибашвили энэ оны долоодугаар сард 33 нас хүрсэн улстөрч юм. Тэрээр огцрох болсноо мэдэгдэхдээ улс орондоо энх тайван тогтоож, хөгжүүлэх, хууль журам сахиулах, мөн ЕХ-той ойртон нягтрах үйлсэд өөрийн байгуулсан гавьяаг тоочин ярьжээ. Эрх баригч эвсэл нэг ч удаа түүнийг шүүмжлээгүй, тэр тусмаа Ерөнхий сайдыг огцруулах асуудал хөндөж тавиагүй байхад Гарибашвили огцрох шийдвэр гаргасан нь цөөнгүй хүнийг гайхшруулж байна. Үндсэн хуулиараа бол Гүржийн Ерөнхий сайдыг томилоход парламентын олонх шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Иймээс эрх баригч “Гүржийн мөрөөдөл” эвсэл шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний талаар энэ долоо хоногтоо багтаж шийдвэрээ гаргана гэж мэдэгдсэн байна.


















