Гурван кг хар тамхи ачсан бяцхан агаарын хөлгийг илрүүлжээ
Энэ сарын 10-ны орой АНУ, Мексикийн хилийн ойролцоо метамфетамин хэмээх хар тамхи зөөвөрлөж байсан дрон осолдсон талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 10-ны орой АНУ, Мексикийн хилийн ойролцоо метамфетамин хэмээх хар тамхи зөөвөрлөж байсан дрон осолдсон талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Автомат ажиллагаатай бяцхан агаарын хөлөг Мексикийн хилийн Тихуана хотын худалдааны төвийн авто зогсоолоос олдсон бөгөөд 6 хэсэг хуваан багласан 3 кг орчим мансууруулах бодис ачсан байжээ.
Цагдаагийн байгууллага дроныг 1400 долларын үнэтэй Spreading Wings 900 загвар болохыг тодорхойлсон ба үйлдвэрлэгчийн вэбсайтад бичсэнээр 6 сэнстэй энэхүү дрон 18 хүртэл минут нисэж чадна гэжээ. Мексикийн эрх баригчид фэйсбүүк хуудсандаа гэмт хэрэгтнүүд хууль бус бүтээгдэхүүн тээвэрлэхэд дрон гэх мэтийн зүйлийг ашиглаж байгаа тухай бичсэн байсан байна. Дроныг мансууруулах бодисын жинг тэнцүүлж чадалгүй унасан гэж үзэж байгаа юм. Энэ бүс нутагт мансууруулах бодис хууль бусаар хил давуулахад дроныг ашиглаж байгаа нь шинэ зүйл биш ажээ.
Drug Enforcement Agency-ын мэдээлж байгаагаар 2012 оноос хойш хил орчимд кокайн болон бусад мансууруулах бодисуудыг тээвэрлэхэд 150 гаруй дрон ашигласан тохиолдол бүртгэгдсэн байна.


















