Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гурван орны археологчдын форум боллоо

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс Монголын археологийн судалгааг бүс нутгийн хэмжээнд гарган өргөжүүлэх чиглэлд олон талт үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гурван орны археологчдын форум боллоо
Гурван орны археологчдын форум боллоо. Зураг: МҮОНРТ

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс Монголын археологийн судалгааг бүс нутгийн хэмжээнд гарган өргөжүүлэх чиглэлд олон талт үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байгаа билээ. Үүний нэг нь ОХУ-ын ШУА-ийн Эдийн соёлын түүхийн хүрээлэн, БНХАУ-ын Ардын их сургуулийн Умардын үндэстнүүдийн археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуультай хамтарсан “Орос, Монгол, Хятадын хил залгаа бүс нутгийн эртний нийгмүүдийн соёлын хувьсал ба харилцан нөлөөлөл: Төв Ази ба Умард Хятадын хадны зураг” сэдэвт эрдэм шинжилгээний хурал юм. Энэхүү хурал өнөөдөр эхэлсэн бөгөөд цаашид сэдэв ба оролцогчид нь солигдож тогтмол хуралдах, судалгааны үр дүнгээ нэгтгэн дүгнэх хэлбэртэй явагдаж байхаар боллоо.

Өнөөдрийн хурлаар Төв Ази ба Умард Хятадын хадны зургийн судалгааг үндсэн сэдэв болгон авч үзсэн бөгөөд хадны зургийн тархалт, агуулгын хувьд манай улсын нутаг дэлхийд тэргүүлэх байр суурьтай болохын хувьд Монголын археологийн тэргүүлэх чиглэл болж идэвхтэй хөгжиж байгаа билээ. Гадаадад бага танигдсан Монголын хадны зургийн гайхамшигт дурсгалуудыг дэлхийд таниулах, олон улсын хэмжээний мэргэжилтнүүдээр дамжуулан сурталчлах чиглэлд энэхүү эрдэм шинжилгээний хурал чухал алхам болох юм.

Гурван орны археологчдын форумд БНХАУ-ын Ардын их сургуулийн профессор Вэй Цзянь, Хятадын Хадны зургийн он цаг тогтоох хүрээлэнгийн захирал, профессор Тан Хуйшэн, Хятадын хадны зургийн судлалын холбооны ерөнхийлөгч Чжан Яша, Оросын Санкт-Петербург хотноо байх Эдийн соёлын түүхийн хүрээлэнгийн захирал, профессор В.А.Лапшин, Сибирийн эртний урлагийн голлох мэргэжилтний нэг профессор В.А.Семёнов нар оролцсон бөгөөд хурлын үр дүнд Төв Азийн бүс нутаг, цаашилбал Евразийн хэмжээнд Монголын хадны зургийн эзлэх байр суурийг дотоод, гадаадын судлаачдын хамтын чармайлтаар тодруулан гаргаж, дан бүс нутгийн өргөн дэвсгэр дээр хамтарсан судалгааг хөгжүүлэх боломжуудыг нээх ажээ.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн

Хуваалцах