Гурван цэнхэрийн агуйг аялал жуулчлалын цогцолбор болгоно
Манхан суманд байрлах Төв Азийн хүй нэгдлийн үеийн урлагийн голомт Гурван цэнхэрийн агуй нь Монголын 9 гайхамшгийн нэг.
Мэдээллийн алба

Гурван цэнхэрийн агуйг аялал жуулчлалын цогцолбор болгох төслийн хэлэлцүүлэг боллоо. Манхан суманд байрлах Төв Азийн хүй нэгдлийн үеийн урлагийн голомт Гурван цэнхэрийн агуй нь Монголын 9 гайхамшгийн нэг. Агуйд 40 мянган жилийн тэртээх хадны сүг зураг бүхий түүхэн дурсгал бий. Үүгээрээ тус агуй нь хүн төрөлхтний түүх соёлын хосгүй үнэт өв болон үнэлэгдсэн юм. Балар эртний үеийн ул мөр, соёл түүхийг бодитоор нь үлдээсэн энэхүү дурсгалт газарт тулгуурласан аялал жуулчлалыг бий болгох нь Ховд аймгийн эдийн засагт түлхэц өгөх юм.
Ховд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гурван цэнхэрт түшиглэсэн аялал жуулчлалын “Таван од” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгажээ. Засаг даргын мөрийн хөтөлбөр хэрэгжих эхний алхам тавигдаж Монгол өв соёлын холбооноос Хойд цэнхэрийн агуй аялал жуулчлалын цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Хамгийн гол нь Гурван цэнхэрийн агуйг хамгаалах, сэргээн засварлах нь өвөг дээдсээс үлдээсэн хүн төрөлхтний түүхийн хөгжил цаг хугацааны өөрчлөлтийг таниулсан бүтээл, амьд түүхийн гэрчийг үр хойчдоо өвлүүлэн үлдээх чухал ач холбогдолтой юм. Одоогоор дэлхий дээр хадны сүг зургийн насжилтаараа Испани улсын Эл кастило агуй тэргүүлдэг байна. Энэ агуйны хадны сүг зурагны насжилт нь 39 мянган жил. Тэгвэл Гурван цэнхэрийн агуйн хадны сүг зураг нь 40 мянган жилийн насжилттай гэж судалгаагаар тогтоогоод байгаа юм.
Үүнийг дэлхийд нотолж чадвал Ховд аймгийн Манхан сумын нутагт орших Гурван цэнхэрийн агуйн хадны сүг зураг нь дэлхийд хамгийн урт насжилттай байж болох юм. Алтайн уулсыг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх гарц нь Гурван цэнхэр гэж олон судлаач үзэж байна. Ховд аймагт зөвхөн Гурван цэнхэрээс гадна эртний түүхийн дурсгалууд, байгалийн үзэсгэлэнт газрууд бий. Иймээс Ховд аймагт жуулчдыг татах асар их нөөц байна гэсэн үг.
Тэгвэл Ховд аймаг ойрын жилүүдэд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодлогоо төвлөрүүлэн ажиллаж байна. Хэзээ ч дундрашгүй, шавхагдашгүй үргэлж үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж, хөгжиж байдаг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлснээр бүс нутгийн эдийн засагт чухал нөлөөтэй учраас энэ асуудалд төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоо чухал юм. Ийнхүү Ховд аймгийн Манхан сумын нутагт орших Гурван цэнхэрийн агуйг аялал жуулчлалын цогцолбор болгох аймгийн Засаг даргын үйл ажиллаганы хөтөлбөрт тусгагдсан Гурван цэнхэрийн агуй төвтэй “Таван од” хөтөлбөр хэрэгжих анхны алхам тавигдлаа. Цаашид олон улсын стандартад нийцсэн аялал жуулчлалын томоохон цогцолборыг байгуулж, бүс нутгийнхаа эдийн засагт түлхэц болох, орон нутгийн иргэдийн амьдралд үр өгөөжөө өгч, 100 гаруй хүнийг ажлын байраар хангах боломж нээгдэх юм байна.


















