Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Йеменд булчин задрах тахлын 108 мянган тохиолдол бүртгэгджээ

Йемен улсад булчин задрах тахлын шинэ дэгдэлт эхэлжээ. Он гарсаар тус улсад энэ өвчний 108 мянган тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс гуравны нэг нь 5 хүртэлх насны хүүхдүүд юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Йеменд булчин задрах тахлын 108 мянган тохиолдол бүртгэгджээ
Йеменд булчин задрах тахлын 108 мянган тохиолдол бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Йемен улсад булчин задрах тахлын шинэ дэгдэлт эхэлжээ. Он гарсаар тус улсад энэ өвчний 108 мянган тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс гуравны нэг нь 5 хүртэлх насны хүүхдүүд юм. Сүүлийн долоо хоногийн хугацаанд халдварт өртсөн хүмүүсийн тоо эрс өсөж, эмнэлгүүд өдөр бүр энэ өвчний сэжигтэй хэдэн арван хүн хүлээн авч байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2017 оны дөрөвдүгээр сард булчин задрах тахлын эхний тархалт гарснаас хойш сая орчим хүн энэ өвчнөөр шаналж, 2,5 мянга гаруй хүн нас баржээ.

2014 онд эхэлсэн иргэний дайн, 2015 онд Саудын Араб тэргүүтэй цэргийн эвсэл дайран орсноос хойш Йемений дэд бүтцийн ихэнх хэсэг, тэр дундаа усан хангамжийн систем нь сүйрсэн юм. Үүний улмаас орон нутгийн ихэнх хэсгийн иргэд ахуй амьдралдаа ил задгай ус хэрэглэхээс өөр аргагүй болжээ. Ундны усны хүрэлцээгүй болсон тул нэг сав цэвэр ус 100 орчим долларын үнэд хүрсэн тухай нутгийн иргэд нь ярьсан байна.

Мөн худгийн насост хэрэглэх дизель түлш үнэтэй болсон учир худгаас ус авах боломжгүй болсон байна. Булчин задрах тахлын үүсгэгч нь хүний биед орсноор их хэмжээгээр суулгах, бөөлжих шинж илэрдэг. Үүний улмаас бие усгүйжиж, яаралтай эмчилгээ хийхгүй бол хэдхэн цагийн дотор амиа алдах эрсдэлтэй. Ялангуяа хоол тэжээлийн дутмаг нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүд, ахмад настнууд энэ өвчин хүндрэх нь их байна.

Йемен улс энэ өвчинтэй тэмцэх зорилгоор түр эмнэлгүүд хүртэл байгуулжээ. Мөн “Хил хязгааргүй эмч нар”, НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд ажиллаж байна. НҮБ-аас Йеменд үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг өнөө цагийн хүмүүнлэгийн хамгийн аймшигт аюул гэж нэрлэжээ. Йеменд 22 сая хүнд тусламж хэрэгтэй байгаа юм.

Хуваалцах