“Их 20”-ийн орнууд Украины асуудлаар хуваагдмал байна
“Их 20”-ийн орнууд Оросын албаны хүмүүсийг уулзалтдаа оролцуулах эсэх асуудлаар маргаантай байна. Оросын Сангийн сайд Антон Силуанов ирэх 7 хоногийн лхагва гарагаас уулзалтад оролцохоо илэрхийлээд байгаа юм.
Мэдээллийн алба

“Их 20”-ийн орнууд Оросын албаны хүмүүсийг уулзалтдаа оролцуулах эсэх асуудлаар маргаантай байна. Оросын Сангийн сайд Антон Силуанов ирэх 7 хоногийн лхагва гарагаас уулзалтад оролцохоо илэрхийлээд байгаа юм.
Индонез улс одоогоор “Их хорь”-ийн бүлгийг даргалж байгаа. Ирэх 7 хоногт Вашингтонд болох тус бүлгийн орнуудын Сангийн сайд нар, Төв банкны захирлуудын уулзалтад Силуанов цахимаар оролцохоо мэдэгдсэн байна. “Ройтерс” агентлаг Индонезийн албаны хүмүүсээс иш татан энэ тухай уламжилжээ. Оросын албаныхныг оролцуулбал америкчууд энэ уулзалтад орохгүй гэдгийг АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен анхааруулсан байна.
Харин Германы Сангийн сайд Кристиан Линднер Оросыг өмнөх шигээ харилцаж болох улс биш болсон гэжээ. Индонезийн эрх баригчид энэ асуудал дээр төвийг сахисан байр сууриа хадгалж байна. Тэд мөн өнөөгийн нөхцөл байдал улс оронд нь нөлөөлж байгаа асуудлыг хэлэлцэхэд Украины төлөөлөгчдийг урин оролцуулах боломжийг судалж байгаа гэсэн байна. НҮБ-ын зүгээс Украин дахь үйл явдал, дэлхийн эдийн засагт, ялангуяа хөгжиж буй орнуудад шат дараалсан аюулын харанга дэлдэж байгааг анхааруулсаар байна. Оросын эрчим хүчний эх үүсвэрүүдэд тавьсан Өрнөдийн хориг арга хэмжээний улмаас нефть болон байгалийн хийн үнэ нэмэгдэж байна. Мөн хямралын улмаас Украины экспортын зарим гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл тасалдаж, улаан буудай, арвай, наранцэцэгийн тосны үнэ өсөхөд нөлөөлж байгаа юм.


















