Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Их Британи Сири дэх агаарын цэргийн ажиллагаанд оролцоно

Өчигдөр Их Британийн Төлөөлөгчдийн танхимын гишүүд тус улс Сирид Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцох эсэх тухай 10 гаруй цаг мэтгэлцэж,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Их Британи Сири дэх агаарын цэргийн ажиллагаанд оролцоно
Их Британи Сири дэх агаарын цэргийн ажиллагаанд оролцоно. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Их Британийн Төлөөлөгчдийн танхимын гишүүд тус улс Сирид Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцох эсэх тухай 10 гаруй цаг мэтгэлцэж, эцэст нь санал хураажээ. Тус санал хураалтад оролцсон гишүүдийн 397 нь Их Британи Сирид агаарын цэргийн ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзсэн бол, 223 гишүүн эсрэг санал хураалгасан байна.

Ингэснээр Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмероны дэвшүүлсэн төлөвлөгөө парламентад ажиглагчдын таамаглаж байснаас илүү дэмжлэгтэйгээр батлагдлаа. Парисын террорист халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн Исламын улс бүлэглэлийн эсрэг олон улсын өргөн хүрээтэй эвсэл байгуулахаар Францын ерөнхийлөгч Франсуа Олланд улс орнуудын удирдагчидтай яриа хэлэлцээ хийсэн. Энэ хүрээнд Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон тус бүлэглэлийн эсрэг тэмцэлд оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхээр амласан юм.

Түүний энэ амлалт ийнхүү хэрэгжих боломжтой болсноор Их Британийн өндөр нарийвчлалтай Бримстоун пуужин Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цохилтыг илүү үр дүнтэй болгоно гэдгийг Кэмерон хэлж байна. Үүнтэй зэрэгцэн Британийн ард иргэдийн дунд мөн асуудлаар санал хураахад, нийт оролцогчдын 48 хувь нь Сири дэх агаарын цэргийн ажиллагаанд оролцохыг дэмжиж, харин 31 хувь нь эсрэг саналтайгаа илэрхийлсэн байна.

Өмнө явуулсан санал асуулгуудтай харьцуулахад энэ удаад дэмжсэн саналтай иргэд цөөрсөн байна. Энэ нь Сирид агаарын цэргийн ажиллагаанд оролцсоноор Их Британи Ойрхи Дорнодын хямралд татагдан орох вий гэсэн болгоомжлол газар авсантай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна.

Хуваалцах