Их Британид улс төрийн гүн хямрал нүүрлэж болзошгүй байна
Брекситийг тойрсон асуудлаас болж Их Британид улс төрийн гүн хямрал нүүрлэж болзошгүй байна. Орон нутгийн хэвлэлүүд Тереза Мэйгийн засгийн газар огцорч, парламентын ээлжит
Мэдээллийн алба

Брекситийг тойрсон асуудлаас болж Их Британид улс төрийн гүн хямрал нүүрлэж болзошгүй байна. Орон нутгийн хэвлэлүүд ТерезаМэйгийн засгийн газар огцорч, парламентын ээлжит бус сонгууль зарлаж мэдэхээр болоод байгаа юм. Их Британийн засгийн газар Европын Холбооны эгнээнээс тус улс гарах нөхцлүүд бүхий гэрээний төслийг баталсныг эсэргүүцэгчид цөөнгүй байгаатай холбоотойгоор ийм таамаглал дэвшүүлж байна.
Их Британийн засгийн газар тусгай хуралдаанаараа энэ гэрээний төслийг дэмжин баталсан. Гэвч сайд нарын танхимын зарим гишүүд үүнийг эсэргүүцэн огцрох хүсэлтээ гаргасан байна. Тэдний дотор Брекситийн асуудал эрхэлсэн сайд Доминик Рааб, хөдөлмөр тэтгэврийн сайд Эстер Маквей, Умард Ирландын асуудал эрхэлсэн сайд Шейлеш Вара болон засгийн газрын доод түвшний өөр 6 гишүүн байгаа. Түүнчлэн гэрээний төсөл баталсныг эсэргүүцэн өөр албан тушаалтнууд ч огцрохоор байна.
Үүнтэй холбоотойгоор Консерватив намын төлөөлөгчдийн танхим дахь гишүүд Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулах санаачлага гаргаж магадгүй байна. Мөн Их Британид Европын Холбооны эгнээнээс улс орноо гаргах эсэх асуудлаарх бүх нийтийн санал хураалтыг дахин явуулах асуудал хурцаар тавигдаж байна. гэхдээ Ерөнхий сайд ТерезаМэй эхэлсэн ажлаа дуусгах шийдвэр төгс байгаагаа илэрхийлсний дээр шинэ санал хураалт явуулахыг эрс няцааж байгаа юм.


















