Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Их долоо”-гийн орнуудын Гадаад хэргийн сайд нар чуулж байна

Гурван өдөр үргэлжлэх тус уулзалт пүрэв гарагт Германы хойд талын Вайссенхаус амралт сувиллын газарт эхэлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Их долоо”-гийн орнуудын Гадаад хэргийн сайд нар чуулж байна
“Их долоо”-гийн орнуудын Гадаад хэргийн сайд нар чуулж байна. Зураг: МҮОНРТ

“Их долоо”-гийн бүлгийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Украины эсрэг түрэмгийлэл үйлдэж байгаа Орос улсын эсрэг авах арга хэмжээ, үүнээс үүдэн хүнс болон эрчим хүчний үнэ ханшид гарах нөлөөллийг хэлэлцэхээр хуран цуглажээ. Гурван өдөр үргэлжлэх тус уулзалт пүрэв гарагт Германы хойд талын Вайссенхаус амралт сувиллын газарт эхэлсэн байна.

Уулзалтыг даргалж байгаа Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний томоохон экспортлогч Украин улсын гол нэрийн үр тарианы нийлүүлэлт улс дотроо саатсанаас хямрал хэдийн дэлхийн хэмжээний асуудал болж газар авч байгааг мэдэгджээ. Ойрхи Дорнод, Африк болон дэлхийн бусад хэсэгт хүнсний нөөц эрс багасах эрсдэл үүсч байгаад сэтгэл зовниж байгаагаа Бербок илэрхийлсэн байна. Мөн дэлхийн хүнсний хангамжид үүсч байгаа онцгой нөхцөл байдлыг уур амьсгалын өөрчлөлт бас нэг хүндрүүлэх хүчин зүйл болж байгааг тэр тэмдэглээд, энэ асуудлыг уулзалтаар авч хэлэлцэхээр төлөвлөж байгааг дурджээ.

Үүнээс гадна Хятад улс ойр орчмын далай тэнгисийн усан дахь цэргийн оролцоогоо идэвхжүүлж байгаа болон Умард Солонгосын пуужин, цөмийн хөтөлбөрийн асуудлыг ч бас хэлэлцэх юм байна. Гамбург хотоос зүүн хойш Балтын тэнгисийн эрэг дээр болж байгаа уулзалтын үеэр аюулгүй байдлын чанд хатуу хамгаалалт гаргасан бөгөөд 3500 гаруй цагдаа эргүүл хийж байгаа аж.

Тус уулзалтад зочин оролцогчоор Украин, Молдав улсын Гадаад хэргийн сайд нарыг урьжээ. “Их долоо”-гийн бүлгийг энэ онд даргалж байгаа Индонез улсын Гадаад хэргийн сайд уулзалтад цахимаар оролцох юм байна.

Хуваалцах