Индонез Австрали улстай цэргийн бүх талын хамтын ажиллагаагаа зогсоолоо
Индонез Австрали улстай цэргийн бүх талын хамтын ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Индонез Австрали улстай цэргийн бүх талын хамтын ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгдлээ. Индонезийн Батлан хамгаалах яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн ийнхүү хамтын ажиллагааг зогсоосон бөгөөд үүнд цэргийн хамтарсан сургуулилт, сургалтын хөтөлбөр солилцох болон хоёр орны хооронд байгуулсан цэргийн бусад бүх төрлийн хамтын ажиллагаа багтаж буй юм байна.
Чухам юунаас болоод хоёр улс ийнхүү цэргийн хамтын ажиллагаагаа зогсоосон бэ гэдэг нь тодорхойгүй байна. Уг нь Индонез нь Өмнөд Хятадын тэнгист Хятадын давшилт нэмэгдсэнтэй холбоотойгоор Австралийн талтай батлан хамгаалах хүчний хувьд илүү ойр хамтрах болсон. Гэвч энэ удаад хамтын ажиллагаагаа зогсоож байгаа нь хоёр улсын харилцаанд ч нөлөөлж болохуйц үйлдэл гэдгийг ажиглагчид сануулж байна.
Австралийн талаас ч мөн энэ асуудлаар мэдэгдэл хийсэн бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдлыг үнэн болохыг батлаад тун удахгүй хоёр улс цэргийн хамтын ажиллагаагаа дахин эхлүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Индонез, Австрали улсын харилцаа төдийлөн сайн биш бөгөөд 2013 онд Австралийн тагнуулын газар Индонезийн Ерөнхийлөгч тэргүүтэй төрийн өндөр дээд албан тушаалтнуудын утасны яриаг чагнаж байсан гэдэг нь Сноудены хэрэг дээрээс илэрч, хоёр орны харилцаа сэвтэж байсан юм.


















