Ингрида Шимоните 31.23 хувийн саналаар тэргүүлсэн байна
Литва улсын Сонгуулийн төв хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг 100 хувь тоолж дууслаа.
Мэдээллийн алба

Литва улсын Сонгуулийн төв хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг 100 хувь тоолж дууслаа. Санал авах 1972 байрнаас ирүүлсэн тооллогын нэгтгэсэн дүнгээр Сангийн сайд асан Ингрида Шимоните 31.23 хувийн саналаар тэргүүлсэн байна.
Харин эдийн засагч Гитинас Науседа 30.95 хувьтайгаар хоёрдугаарт бичигджээ. Литвын одоогийн Ерөнхий сайд Саулюс Сквернялис 19.72 хувийн санал авсан байна.
Хуулийн дагуу нэр дэвшигчдээс 50-иас илүү хувийн санал авсан нь Төрийн тэргүүн болох ёстой. Тэгвэл нэр дэвшигчдийн хэн нь ч энэ босгыг даваагүй тул эхний шатанд тэргүүлсэн хоёр нэр дэвшигчийг оролцуулсан хоёрдугаар шатыг хоёр долоо хоногийн дараа зохион байгуулахаар болж байна.
Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд есөн хүн өрсөлдсөн юм. Литвын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Ерөнхий сайд Саулюс Сквернялис ялагдлаа хүлээн зөвшөөрч, Засгийн газрын тэргүүний суудлаа өгнө гэж Үндэсний телевизээрээ мэдэгджээ.
Тэрбээр “Санал тооллогын чиг хандлагаас харахад бид ялагджээ. Үүнийг би улстөрч, Ерөнхий сайдын хувьд миний ажилд өгсөн үнэлэлт, дүгнэлт гэж үзэж, огцрох хүсэлтээ өгнө” гэж мэдэгдсэн байна.
Литва улсын Ерөнхийлөгчийг таван жилийн хугацаатайгаар нууц санал хураалтаар сонгодог юм.


















