Ипотекийн зээл авсан нийт зээлдэгчийн 48 мянга гаруй нь амь насны даатгалд бүрэн хамрагджээ
Өнөөдөр ШӨХТГ-ын "Хэрэглэгчдийн төв"-д банк, даатгал, нотариат, эмнэлэг, зорчигч тээврийн нэгтгэл, сонгуулийн зар сурталчилгааны хууль, нийтийн зориулалттай ашиглаж байгаа орон сууцны барилгад мансардын давхар төлөвлөн барих, тухайн барилга ашиглалтад орсны дараа өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй
Мэдээллийн алба

Өнөөдөр ШӨХТГ-ын "Хэрэглэгчдийн төв"-д банк, даатгал, нотариат, эмнэлэг, зорчигч тээврийн нэгтгэл, сонгуулийн зар сурталчилгааны хууль, нийтийн зориулалттай ашиглаж байгаа орон сууцны барилгад мансардын давхар төлөвлөн барих, тухайн барилга ашиглалтад орсны дараа өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй зөрчлийг арилгах зэрэг хяналт шалгалтын мэдээллийг ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр сэтгүүлчдэд өглөө.
Тодруулбал, Орон сууцны ипотекийн зээлдэгчийн амь нас, хөрөнгийн даатгалтай холбогдох банк, даатгал, ноториатын үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгасан бөгөөд шалгалтад 11 арилжааны банк, 14 даатгалын компани болон 8 тойргийн нотариатын үйлчилгээ эрхлэгч хамрагдсан байна. 2016 оны эхний улирлын байдлаар Монголын Ипотекийн корпорацийн банкуудаас худалдан авсан нийт 48355 зээлдэгчийн хувьд амь насны болон хөрөнгийн даатгалд үндсэндээ бүрэн хамрагдаж, зээлийн материалаа нотариатаар гэрчлүүлсэн байна.
Мөн нийтийн зориулалттай ашиглаж байгаа орон сууцны барилгад нийслэлийн Засаг даргын 2006 оны захирамжаар мансардны төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд нийслэлийн төвийн 4 дүүрэгт нийт 592 өрхийн мансардын барилга баригдаж ашиглалтанд орсон боловч өнөөдрийг хүртэл 168 өрх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдоогүй байгаа нь тухайн мансардыг барьж ашиглалтад оруулсан аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд хэрэглэглэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ талаарх өргөдөл гомдол 2009 оноос эхлэн ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл шийдвэрлэж чадаагүй байна. Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор агентлагийн даргын 2016 оны А/59 дугаар тушаалаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Улсын бүртгэл, статистикийн газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын төлөөллийг тус тус оруулсан нийтийн зориулалттай ашиглаж байгаа орон сууцны барилгад мансардын давхар төлөвлөн барих, тухайн барилга ашиглалтад орсны дараа өмчлөх эрхийг гэрчилгээг олгогдоогүй зөрчлийг арилгах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр Нийслэлийн засаг даргад 2016 оны 1/567 дугаартай асуудал шийдвэрлэх албан бичгийг хүргүүлэн ажиллаж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн төлбөртэй тусламж, үйлчилгээний үнэ тариф, түүнийг баталсан тушаал шийдвэр хэрэглэгчдэд нээлттэй, ил тод байгаа эсэх, мэдээллийг ойлгомжтой хүртээмжтэй түгээж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг зэрэг 7 эмнэлэг хамрагдсан. Хяналт шалгалтанд хамрагдсан 4 эмнэлгийн үзүүлж байгаа төлбөртэй тусламж, үйлчилгээний мэдээлэл, түүнийг баталсан тушаал шийдвэрийн хамт төлбөр хураах цэгийн ойролцоо болон хүлээлгийн заалны ханын самбарт байршуулсан байсан. Мөн тухайн эмнэлгүүдийн цахим хуудаст энэ мэдээллүүдийг байршуулсан байсан. Мөн бүх аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд өөрсдийн эмнэлгийн үзүүлж байгаа төлбөртэй тусламж, үйлчилгээний мэдээллээр хэрэглэгчдийг хангаж ажиллахыг анхааруулсан байна.
Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 70.1.6-д ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно” 70 дугаар зүйл, 70.7-д “аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан бөгөөд дээрхи заалтыг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 6 сар хүртэл, цахим хуудасны хандалтыг 6 сарын хугацаагаар шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага түдгэлзүүлэхээр хуульчилсан байдаг.
Мөн “ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛ” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажил хийж байна.
Одоогоор хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ тавдугаар сардаа багтааж олон нийтэд хяналт шалгалтын үр дүнг мэдээлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ.
Эх сурвалж. ШӨХТГ


















