Ирак Мосул хотыг чөлөөлөх ажиллагааг эхлүүллээ
Иракийн ерөнхий сайд Хайдер Аль-Абади Мосул хотыг "Исламын улс" алан хядагч бүлэглэлийнхнээс эргүүлэн авах ажиллагааг эхлүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Иракийн ерөнхий сайд Хайдер Аль-Абади Мосул хотыг "Исламын улс" алан хядагч бүлэглэлийнхнээс эргүүлэн авах ажиллагааг эхлүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Мосул хот нь тус алан хядагч бүлэглэлийн Ирак дахь хамгийн том түшиц газар нь юм. Ерөнхий сайдын телевизийн илтгэлд дурьдсанчлан засгийн газрын хүчнийхэн хотыг өмнөд хэсгээс нь эхлэн зэвсэгт бүлэглэлийнхнээс чөлөөлөхийн тулд бөмбөгдөж эхэлжээ.
Түүнчлэн Мосул хотын иргэдийг алан хядагч бүлэглэлийнхний хорогдох байрнаас яаралтай зугтан гарч, хий цуурхалд итгэхгүй байхыг уриалсан хэдэн мянган ухуулах хуудсыг агаараас цацаж тараагаад байна. Ойролцоогоор 1 сая орчим иргэн Мосул болон ойролцоох хотуудад амьдарч байгаа юм. Тус алан хядагч бүлэглэлийнхэн 2014 оны зургаадугаар сард Мосул хотыг эзлэн авч, "Исламын улс" байгуулж байгаагаа зарлаж, Сири, Иракт эзлэн түрэмгийлэх ажиллагаа явуулж байгаа юм.

Иймд эдгээр улсын засгийн газрын хүчнийхэн болон АНУ, Оросын цэргийн хүчин "Исламын улс" зэвсэгт бүлэглэлийн эсрэг ажиллагаанд нэгдээд байгаа. Ажиглагчдын үзэж байгаагаар хэрвээ Иракийн хүчнийхэн Мосул хотыг алан хядагч бүлэглэлийнхнээс салгаж чадвал энэ нь улс дамнан хүчээ тогтоосон "Исламын улс" алан хядагч бүлэглэлд хүнд цохилт болох юм. Нөгөө талдаа чөлөөлөх ажиллагаа явуулснаар Иракийн хойд хэсэгт түр хорогдох байранд амьдарч байгаа 700 мянган дүрвэгчид тусламж хэрэгтэй болохыг НҮБ-аас уламжилж байна.


















