Ирээдүйнхээ төлөө сонсголоо шалгуулъя
Дэлхий даяар 466 сая хүн сонсгол бууралттай бөгөөд тэдгээрийн цөөнгүй хувийг хүүхдүүд эзэлж байна.
Мэдээллийн алба

Дэлхий даяар 466 сая хүн сонсгол бууралттай бөгөөд тэдгээрийн цөөнгүй хувийг хүүхдүүд эзэлж байна. Сонсгол бууралтын генетикийн шалтгаан нь төрөх үеийн хүндрэл, зарим халдварт өвчин, чихний архаг үрэвсэл, тодорхой эмийн хэрэглээ, хэт их дуу чимээ, хөгшрөл зэрэг юм. Бага насны хүүхдийн сонсгол бууралтын 60 хувь нь урьдчилан сэргийлэх боломжтой шалтгаанаас үүдэлтэй.

15-35 насны залуус хөгжим, чихэвч, зугаа цэнгээний газрын дуу шуугианаас болж сонсгол алдах эрсдэлд орох нь элбэг. Дэлхий дахинаа сонголт бууралтын эсрэг жил бүр 750 тэрбум доллар зарцуулж байна.
Сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх болон олон нийтэд сурталчлан таниулах, зөв хэвшилд дадуулах, эрт оношлон эмчлэх зэрэг нь эдийн засагт болон хувь хүнд хэмнэлттэй ач тустай арга хэмжээ юм.

Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн Сонсгол Хамгаалах өдөр болгон зарласан юм.
Манай орны хувьд сонсгол бууралтын тохиолдол жил ирэх тутам нэмэгдсээр байгаа нь бид сэргийлэх, анхаарах шаардлагатай болсныг илэрхийлж байна.
Тиймээс та өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ ирээдүйг сонсохын тулд одооноос хамгаалаарай.



















