Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ирэх намрын чуулганаар 146 хууль тогтоомжийн төсөл хэлэлцэхээр санал ирүүлжээ

Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ирэх намрын чуулганаар 146 хууль тогтоомжийн төсөл хэлэлцэхээр санал ирүүлжээ
Ирэх намрын чуулганаар 146 хууль тогтоомжийн төсөл хэлэлцэхээр санал ирүүлжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны дарга А.Бакей энэ асуудлын талаар хийсэн танилцуулгадаа, УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хууль санаачлагчдаас саналыг нь урьдчилан авч тогтоолын төслийг боловсруулсан. Хууль санаачлагчдаас тогтоолын төсөлд тусгуулахаар нийтдээ 146 хууль тогтоомжийн төслийг санал болгосон байна.

Тогтоолын төслийг боловсруулахдаа намрын чуулганаар хэлэлцэж батлахаар хуульд тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүд, УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүдийг жагсаалтад багтаах зарчим баримталсан. Энэ үндсэн дээр УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр 23 хууль тогтоомжийн төслийг тогтоолын төсөлд нэр зааж тусгасан. Тогтоолын төсөлд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоохдоо холбогдох байнгын хороодын саналыг үндэслэн тухай бүр нь шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэнээ дурдав.

2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлын тухай тогтоолын төсөлд тусгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч 17, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 3, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 3, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 4, Төрийн байгуулалтын байнгын хороо 4, Төсвийн байнгын хороо 6, Хууль зүйн байнгын хороо 12, Эдийн засгийн байнгын хороо 5, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 10, МАН-ын бүлэг 27, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 5, Монгол Улсын Засгийн газар 39 төслийн санал ирүүлжээ. Мөн Улсын ИХ Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, С.Оюун нар 11 саналыг тусгайлан ирүүлсэн байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, О.Содбилэг, Н.Батцэрэг нар байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Су.Батболд нар саналаа хэлсэн юм. Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тогтоолын төсөлд нэмж оруулах санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Харин УИХ-ын гишүүн Н.Батцэрэг тогтоолын төсөлд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг нэмж оруулах санал гаргасан боловч өргөн баригдаагүй байгаа хууль тогтоомжийн төслийг тогтоолын төсөлд тусгах зарчим баримтлаагүй гэсэн байнгын хорооны даргын тайлбарын дагуу саналаа татаж авсан юм.

Ингээд УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хураалдаанаар хэлэлцүүлэх саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжлээ.

Хуваалцах