Ирэх оны дөрөвдүгээр сараас цахим картаар автобусанд үйлчлүүлнэ
Нийтийн тээврийн “Ухаалаг Улаанбаатар” төслийн хүрээнд Нийтийн тээврийн хяналт удирдлагын систем, Мэдээллэх систем, Автомат төлбөр хураалт гэсэн гурван дэд төслийг хэрэгжүүлэхээр болсон.
Мэдээллийн алба

Нийтийн тээврийн “Ухаалаг Улаанбаатар” төслийн хүрээнд Нийтийн тээврийн хяналт удирдлагын систем, Мэдээллэх систем, Автомат төлбөр хураалт гэсэн гурван дэд төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ нь нийтийн тээврийн автобусуудад GPS суурилуулж, хаана, хэдэн цагт, ямар маршрутаар явж байгаа талаар бүрэн мэдээллийг нэгдсэн төвөөс авах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр автобусны чиглэл, маршрутыг эдийн засгийн үр ашигтай, оновчтой байдлаар төлөвлөх боломжтой болно. Мөн автомат төлбөр хураалтын системийг хэрэгжүүлснээр автобусны билетийг цахим карт болгож, тодорхой хугацаатайгаар цэнэглэн автобусаар үйлчлүүлэхдээ картаа уншуулан төлбөрөө төлдөг байх зарчимд шилжинэ. Энэ үйлчилгээтэй холбоотойгоор цахим төлбөрийн картыг цэнэглэх, борлуулах цэгийг автобусны буудлын ойролцоох хүнсний дэлгүүр, сонин борлуулах мухлаг зэрэгт байгуулах юм.
Төслийг хэрэгжүүлснээр автобусны жолооч нарт эвдрэл, саатал гарсан тохиолдолд товчлуур даран үйлчилгээний төв рүү мэдээлэл илгээх, бууж сууж байгаа болон доторх бүх зорчигчдоо бүрэн хянах, хаалга онгойх, хаагдах мэдээлэл ирэх зэрэг давуу талтай. Харин зорчигчдод автобус буудал дээр ирэх, хөдлөх цагийн бодит мэдээллээр хангагдаж, автобусан дотор чиглэл, буудлын нэрийг зарлах, цагийн хуваарь графикийн дагуу үйлчлүүлэх боломжийг бүрдүүлнэ хэмээн төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа. Ингэснээр төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй бүх автобус, автобусны буудлыг камержуулж орчин үеийн нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэх боломж бий болох юм.
Энэхүү төсөл хэрэгжснээр иргэд ухаалаг автобусанд 2015 оны дөрөвдүгээр сараас цахим төлбөрийн картаар төлбөрөө төлөн үйлчлүүлнэ.


















