Ирэх оны төсвийг бүх боломжоо ашиглаж чадаагүй төсөв гэлээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа.
Мэдээллийн алба

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа. Бүлгийн хурлаар 2017 оны улсын төсвийн талаар хэлэлцэж мэдээлэл сонсжээ. Бүлгийн хуралдаан дууссаны дараа тус бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийсэн юм.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа энэ үеэр “2017 оны төсвийг аль болох зардал багатай, зарлагыг танасан, орлогоо бүх боломжоор шахсан төсөв байх ёстой гэсэн шаардлагыг АН-ын бүлгээс тавьсан. Гэсэн хэдий ч төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 6.8 орчим хувьд оруулж буулгах бүх боломжийг ашиглаж чадаагүй. Харин алдагдлыг 9.9 хувиас 9.1 хувь болгож ердөө 0.8 хувь болгож бууруулсан төсвийг баталлаа. Ер нь бол макро түвшинд төсвийн алдагдлыг яаралтай бууруулах шаардлагатай. Яаралтай арга хэмжээ авахгүй бол олон улс дахь Монгол Улсын нэр хүнд буурсаар байх болно. Тиймээс төсвийн алдагдлыг бууруулахын тулд Засгийн газар ажиллах ёстой” гэлээ. Мөн 2017 оны төсөвт зарлагыг тодорхой хэмжээгээр бууруулсан боловч хангалттай хэмжээнд бууруулаагүй. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцийг 5 хувиар бууруулах санал оруулсан ч дэмжигдээгүй гэв.
Товчхондоо УИХ дахь АН-ын бүлэг ирэх оны төсвийг бүх боломжоо ашиглаж чадаагүй төсөв хэмээн дүгнэж байгаа ажээ.


















