Иргэдийн төслөөр хороог тохижуулна
Энэ үеэр оролцогсод хороогоо хөгжүүлэх өөрсдийн санал бодлоо хэлж төсөл хэрхэн бичих талаараа тодруулга авлаа. Зохион байгуулагчдын зүгээс иргэдийн бүлгүүдийг төсөл бичихдээ төсөлд тавигдах үндсэн шалгуур үзүүлэлтийг хангахад анхаарах хэрэгтэйг онцлон ерөнхий зааварчилгаа өглөө.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нийслэлийн төвийн зургаан дүүргийн тус бүр нэг хороодод загвар хороо төсөл хэрэгжүүлэхээр болсон. Төсөл хэрэгжсэнээр оршин суугчид нь хог ачих хуваариа мэддэг, хог тээвэрлэгч байгууллага нь хуваарийн дагуу хогоо ачиж хэвшсэн, иргэд нь хамтран бүлэг байгуулж хорооныхоо хог хаягдлыг багасгах, тохижилт, ногоон байгууламжийг шийдэхэд санал санаачилга гарган ажиллах юм.
Энэ ажлын хүрээнд гэр хорооллын иргэдийн санал санаачилгыг дэмжих сангаар хийгдэх иргэдийн оролцоотой жижиг төслүүдийг хэрэгжүүлэх зааварчилгаа өгөх хурлыг Азийн сангаас зохион байгууллаа. Хуралд Захирагчийн ажлын алба, хороодын Засаг дарга, зохион байгуулагч, дүүргүүдийн дэд бүтэц тохижилтын хэлтсийн хог хаягдал хариуцсан мэргэжилтэн, Захирагчийн гэр хороолол дахь ажлын албаны дарга, туслах, иргэдийн бүлгийн төлөөлөгч нар оролцсон юм.
Хурлаар Гэр хорооллын иргэдийн санал санаачилгыг дэмжих сан, түүний зорилго болон сангийн удирдлага зохицуулалтын талаар танилцуулсан. Мөн загвар хороо төслийн хүрээнд хийгдэх жижиг төслүүдийг хэрхэн боловсруулах талаар зааварчилгаа өгч, иргэдийн оролцоотой хийгдэх төслийн саналыг сонгох шалгуур үзүүлэлт, сангийн болзол төсөл хэрэгжих хугацааны талаар оролцогчидтой санал бодлоо хуваалцлаа.
Энэ үеэр оролцогсод хороогоо хөгжүүлэх өөрсдийн санал бодлоо хэлж төсөл хэрхэн бичих талаараа тодруулга авлаа. Зохион байгуулагчдын зүгээс иргэдийн бүлгүүдийг төсөл бичихдээ төсөлд тавигдах үндсэн шалгуур үзүүлэлтийг хангахад анхаарах хэрэгтэйг онцлон ерөнхий зааварчилгаа өглөө.


















