Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Исландын Ерөнхий сайд үүрэгт ажлаасаа огцров

Панамын "Моссак Фонсека" хуулийн фирмийн нууц материалд нэр холбогдсон Исландын Ерөнхий сайд Сигмюндюр Гюннлёйгссон үүрэгт ажлаасаа огцорлоо.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Исландын Ерөнхий сайд үүрэгт ажлаасаа огцров
Исландын Ерөнхий сайд үүрэгт ажлаасаа огцров. Зураг: МҮОНРТ

Панамын "Моссак Фонсека" хуулийн фирмийн нууц материалд нэр холбогдсон Исландын Ерөнхий сайд Сигмюндюр Гюннлёйгссон үүрэгт ажлаасаа огцорлоо. 2007 онд Сигмюндюр Гюннлёйгссон өөрийн эхнэрийн хамт "Моссак Фонсека" фирмээр дамжуулан оффшор компани байгуулсан нь эдгээр нууцын зэрэглэл бүхий материалаас ил болсон юм. Үүнээс гадна тэрээр Исландад батлагдах гэж байсан хуулийн дагуу парламентын гишүүн компани эзэмших нь ашиг сонирхлын зөрчил болох байсан учраас 2009 онд оффшор компанийн хувьцааныхаа тал хувийг өөрийн эхнэрт ердөө нэг америк доллараар зарсан нь эдгээр баримт бичгээс тодорхой болжээ.

Эдгээр мэдээлэл нь өмч хөрөнгөө нуун дарагдуулсан, татвараас зайлсхийсний нотолгоо биш гэх няцаалтыг Исландын Ерөнхий сайд өгч байсан юм. Гэсэн хэдий ч олон нийтийн зүгээс болоод улс төрийн хүрээнийхнээс огцрохыг шаардсан хүчтэй дарамт шахалт тасралтгүй ирсээр байсан учраас Сигмюндюр Гюннлёйгссон Панамын гэж дуулиан тариад байгаа эдгээр нууц баримт бичгүүдээс үүдэн үүрэгт ажлаасаа огцорч байгаа анхны өндөр дээд албан тушаалтан болж байна. Панамын "Моссак Фонсека" хуулийн фирмээс алдагдсан нууцын зэрэглэлтэй материалд тус компанийн сүүлийн 40 жилийн турш дахь өдөр тутмын үйл ажиллагааг баримтжуулсан 11.5 сая гаруй баримт бичиг агуулагдаж байгаа юм.

Эдгээр баримт бичигт 200 орчим улс орон, газар нутгийн нэр нөлөө бүхий хүмүүс холбогдсон 215 мянга орчим оффшор компанийн мэдээлэл байгаа талаар хэвлэлүүд уламжилж байна. Дэлхийн нэр нөлөө бүхий эрхмүүд, улс төрийн дээгүүр албан тушаалтнууд оффшор компани байгуулах замаар татвараас зайлсхийж, хууль бусаар олсон өмч хөрөнгөө нуун дарагдуулж байсныг харуулсан дээрх нууц материалын мөрөөр олон улс орны холбогдох байгууллагууд мөрдлөг шалгалт эхлүүлээд байгаа юм.

Хуваалцах