“ITB Berlin-2015” үзэсгэлэнд Улаанбаатар хот оролцож байна
Гуравдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч тус үзэсгэлэнг албан ёсоор нээснээс хойш үзэсгэлэн яармаг, зөвлөгөөн, түнш орны уулзалт, соёлын арга хэмжээнүүд амжилттай явагдаж байна.
Мэдээллийн алба

Дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн болох “ITB Berlin-2015”-д Монгол улс түнш орноор, Улаанбаатар хот үндсэн оролцогчоор оролцож байгаа билээ. Гуравдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч тус үзэсгэлэнг албан ёсоор нээснээс хойш үзэсгэлэн яармаг, зөвлөгөөн, түнш орны уулзалт, соёлын арга хэмжээнүүд амжилттай явагдаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл үзэсгэлэнгийн болон Монголын талбайн нээлтийн арга хэмжээ, “Монгол улс MICE жуулчлалын зах зээлд” хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцов.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэл хотыг бизнес жуулчлалын бие даасан зорих газар болгон гадаадад сурталчилах ажил олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгээр түүний дотор оролцогчдын тоо, хамрах хүрээгээрээ дэлхийд тэргүүлдэг “Ай-Ти-Би” үзэсгэлэнд Монгол улс түнш орноор оролцож буй үед эхэлсэн нь өндөр ач холбогдолтой юм. Үзэсгэлэнгийн үеэр нийслэлийн засаг дарга Берлин хотын дарга Михаэл Мюллер, Бонн хотын дарга Юрген Ниймч нартай уулзалт хийж аялал жуулчлал, хот байгуулалт, гэр хорооллын инженерийн байгууламжийг хөгжүүлэх түүний дотор германы байгальд ээлтэй өндөр технологийг нэвтрүүлэх чиглэлд хотуудын харилцааг өргөжүүлэхээр тохиролцов. Үзэсгэлэн гуравдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ. Улаанбаатар хотын мэдээлэл, сурталчилгааны ажлууд үргэлжлэн явагдаж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.



















