Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Израил улс вакцины гэрчилгээг цуцлав

Израил улсад "Омикрон" хувилбарын тархалт буурч байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Израил улс вакцины гэрчилгээг цуцлав
Израил улс вакцины гэрчилгээг цуцлав. Зураг: МҮОНРТ

Израил улсад "Омикрон" хувилбарын тархалт буурч байна. Халдварын тархалт буурсантай холбогдуулан тус улсын эрх баригчид “Ногоон гарц” нэртэй хязгаарлалтын дэглэмүүдээ цуцалж эхэллээ. Мөн вакцинжуулалтад хамрагдсан иргэддээ олгож байсан вакцины гэрчилгээг бүр мөсөн цуцлаад байна.

Израил улсад өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр "Омикрон" хувилбарын давлагаа эрчимжиж өдөрт бүртгэгдэх халдварын тоо 85.000 буюу дээд үзүүлэлтэд хүрч байсан. Харин өнөөдрийн байдлаар өдөрт бүртгэгдэх халдварын тоо 21.000 орчим болж тогтмол буурсан үзүүлэлт гарч байна.

Ерөнхий сайд Нафтали Беннетт цар тахлын нөхцөл байдлын талаар эрүүл мэндийн албаны хүмүүстэй хийсэн хэлэлцүүлгийн үеэр "Ногоон гарц" төлөвлөгөөг бүрэн цуцалж байна гэж мэдэгдсэн юм.

Израилд шөнийн цэнгээний газар, үйлчилгээний төв, баяр ёслолын танхим зэрэг олон хүн цугларах газруудад нэвтрэхийн тулд вакцины цахим гэрчилгээг шалгуулан нэвтэрч байсан юм. Тус улсын хувьд коронавирусний "дельта" хувилбарын тархалтын үеэр "COVID-тай амьдрах" бодлогыг баталж, эдийн засгаа нээлттэй байлгаж, сургуулиудын үйл ажиллагааг зогсоогүй. Үүний улмаас зарим боловсролын салбарын ажилтнууд коронавирусээр халдварлаж хичээлийн хоцрогдол үүсч эхэлсэн юм.

Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ долоо хоногт хоёр удаа коронавирусний шинжилгээнд хамруулах үүрэгтэй хэвээр байна. Мөн ахмадын асрамжийн газарт ч ижил журам үйлчилнэ.

Хэдийгээр "Омикрон" хувилбар өмнөх вирусний төрлөөс харьцангуй хөнгөн, нас барах эрсдэл бага байгаа ч Израилийн эрүүл мэндийн тогтолцоог хүндрүүлж, үйлчилгээний чанарт нөлөөлсөн.

Зарим эрдэмтэд Засгийн газар "Омикрон"-ы тархалтыг удаашруулах арга хэмжээ авахын оронд хязгаарлалтыг зөөлрүүллээ гэж шүүмжилж байна.

Нийт 9.4 сая хүн амтай Израилд цар тахал эхэлснээс хойш 3.5 сая орчим коронавирусний тохиолдол бүртгэгдэж, 9700 гаруй хүн нас баржээ. Зарим шинжээчийн үзэж байгаагаар хүн амын талаас илүү хувь нь "Омикрон" хувилбараар хэдийнэ халдварласан гэж үзэж байна.

Хуваалцах