Ж.Гүррагчаад ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонг ирэх даваа гарагт гардуулна
Жүгдэрдэмидийн Гүррагчаа ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны монгол хүн болж байгаа юм.
Мэдээллийн алба

Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, хошууч генерал, "Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, сансрын нисгэгч, Жүгдэрдэмидийн Гүррагчааг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж "ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Александр Невскийн одонгоор шагнахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Жүгдэрдэмидийн Гүррагчаад ОХУ-ын Төрийн дээд шагнал Александр Невскийн одонг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов ирэх даваа гарагт “Русский Дом в Улан-Баторе” (хуучнаар ОШУСТ)-д болох Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, монгол хүн сансарт ниссэний болон Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулсан “Хүн-эх дэлхий-сансрын уудам” сэдэвт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын үеэр гардуулахаар болжээ.
БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан баг “Союз-39” хөлгөөр Улаанбаатарын цагаар 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 42 минутад хөөрч, 1981 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 19 цаг 42 минутад эх дэлхийдээ амжилттай буусан билээ. Ийн БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон.

Ташрамд дурдахад, Гэгээн Александр Невскийн одонг анх 1725 онд I Екатерина Хатан хааны зарлигаар гаргаж цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийг шагнадаг байсан.
Ийн ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн зарлигаар 2010 оны есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн Хаант засгийн үеийн түүхэн загвараараа гарч байгаа бөгөөд дөрвөн талаасаа анар эрдэнийн чулуу шигтгэн, ОХУ-ын төрийн сүлдний гол дүрс болох алтан бүргэдүүдийг суурилуулсны голд морь унасан Александр Невскийн алтадсан дүрсийг байршуулсан түүхэн загвар юм. Эдүгээ Санкт-Петербургийн мөнгө зоосны ГОСЗНАК үйлдвэрт хийгддэг.
Жүгдэрдэмидийн Гүррагчаа ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны монгол хүн болж байгаа юм.



















