Жаир Болсонару хөгжингүй орнуудтай харилцаа тогтоохоор амлаж байна
Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан парламентын хэт барууны депутат Жаир Болсонару хөгжингүй орнуудтай харилцаа тогтоохоор амлаж байна. Тэрбээр өчигдөр орой сонгуулийн дүнг зарласны дараа ийнхүү мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан парламентын хэт барууны депутат Жаир Болсонару хөгжингүй орнуудтай харилцаа тогтоохоор амлаж байна. Тэрбээр өчигдөр орой сонгуулийн дүнг зарласны дараа ийнхүү мэдэгдлээ.
"Бразил улс цаашид хөгжингүй орнуудаас зай барихгүй, бид эдийн засгийн, технологийн талаас Бразилын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тусалж чадах орнуудтай хоёр талт харилцаа тогтооно, бид олон улсын хамтын нийгэмлэгийн хүндийг эргүүлэн авна” гэж тэрбээр дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ хэлсэн байна. Ингэхийн зэрэгцээ Болсонару зүүний үзэл суртал болон энэ үзлийг дэмжигчдийг нэлээдгүй шүүмжилж, “бид цаашид социализм, коммунизм, популизм болон зүүний хэт даврах үзэлтэй эвлэрэхгүй, бид бурхны ном сургаалаар, Үндсэн хууль болон мэргэжлийн багт тулгуурлан засгийн газраа эмхлэн байгуулахыг би хүсэж байна, энэ засгийн газар Бразил улсыг тэргүүлэх байр сууринд хүргэнэ” гэлээ.
Өчигдөр Бразилд ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болсон.Саналын хуудасны 99 орчим хувийг тоолсны дараах байдлаар консерватив намын төлөөлөгч Жаир Болсонару 55,49 хувийн санал авлаа. Түүний өрсөлдөгч зүүний Хөдөлмөрчдийн намын нэр дэвшигч ФернандуАддад 44,51 хувийн санал авчээ. Бразилын шинэ ерөнхийлөгч 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр тангараг өргөнө. Болсонаруг сонгуульд ялсан баяраа тэмдэглэж байх хойгуур Сан-Паулу хотод Болсонаруг дэмжигчид болон эсэргүүцэгчид хооронд мөргөлдөөн болжээ. Хэрэг явдал Сан-Паулу хотын гол замын нэг Паулиста өргөн чөлөөнд болсон байна. Цагдаа нар мөргөлдөөнийг зогсоох үүднээс резинэн сумтай буу хэрэглэсэн бөгөөд одоогоор хотод байдал намжсан тухай мэдээ ирж байна.


















