Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

JCI, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтарч ажиллана

Ерөнхийлөгчийн Тамгын газар, JCI Монгол Үндэсний байгууллага харилцан ойлголцлын Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
JCI, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтарч ажиллана
JCI, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтарч ажиллана. Зураг: МҮОНРТ

Ерөнхийлөгчийн Тамгын газар, JCI Монгол Үндэсний байгууллага харилцан ойлголцлын Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Уг Санамж бичигт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, JCI Монгол байгууллагын 2015 оны Үндэсний Ерөнхийлөгч Г.Баярхүү нар гарын үсэг зурсан юм. Санамж бичгийг хоёр тал урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг эхлүүлэх эрх зүйн үндэс болгон байгуулсан юм.

Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн бодлогод иргэд санаачилгатай, эерэг өөрчлөлтөд манлайлагч байхыг дэмжсэн үзэл санаа тусч хэрэгжиж ирснийг JCI Монгол байгууллага дэмжиж, үндэсний байгууллагын хэмжээнд хэрэгжүүлдэг төслүүдээрээ дамжуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар болсноо энэ үеэр илэрхийллээ.

Гарын үсэг зурсан Санамж бичигт үндэслэн JCI Монгол байгууллага нь 2015 онд “Эерэг сэтгэлгээний давалгаа” буюу Positive Mind төсөл, “Инээмсэглэх Монгол” төслийг тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Таван жилийн турш хэрэгжих “Эерэг сэтгэлгээний давалгаа” төсөл нь ид төлөвшиж байгаа өсвөр насныхан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан хувь хүний зан төлөв, зөв хүмүүжил, нийгэмшилд чиглэсэн сэдвүүдээр сургалтын стандарт бий болгох чиглэлтэй юм байна. “Инээмсэглэх Монгол” төсөл нь олноороо нийгэмшиж амьдарч сурах, бусдын амьдралын хэм хэмжээг зөрчихгүй байх соёл тогтоох зорилгыг агуулжээ. Уг төслийн хүрээнд “Найрсаг Улаанбаатар” арга хэмжээтэй хамтран ажиллахаар болсон байна.

JCI байгууллага нь дэлхий нийтэд 100 жилийн ажлын туршлагатай, НҮБ-д зөвлөх эрхтэй, дэлхийн 120 оронд салбартай, нэг сая илүү гишүүнтэй байгууллага юм. JCI Монгол Үндэсний байгууллагын хувьд 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 18-40 насны 660 гаруй гишүүнийг нэгтгэдэг юм байна. Бизнесийн хүрээнийхэн болон төрийн албан хаагч, оюутан залуус тэдний нэлээд хувийг бүрдүүлж, идэвхтэй иргэдийн байгууллага болжээ. Тус байгууллага 2017 онд JCI байгууллагын томоохон хурлыг Монголд хийлгэх эрх авахын төлөө ажиллаж байгаа ажээ.

Хуваалцах