Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.
Мэдээллийн алба

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ. Тус хуулийн төслийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг боловсруулахдаа жижиг, дунд үйлдвэрийн үйл ажиллагааны хүрээг өргөтгөх, ангиллыг нарийвчлан тогтоох, хуулийн харилцааны зохицуулалтыг оновчтой болгох, хэрэгжилтийн үр өгөөжийг нэмэгдүүлэх эрх зүйн үндэслэл болон нийгмийн эрэлт хэрэгцээ, практик шаардлагыг харгалзан үзжээ.
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хувьд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн ерөнхий бүтцийн хүрээнд зарим зүйл, заалтыг шинэчилж найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар боловсруулах бөгөөд бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг тус тусад томъёолох юм. Мөн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгохтой холбогдсон журам болон жил бүрийн санхүүжилтийн хуваарийг салбарын тэргүүлэх чиглэл, үйлдвэрийн байршлын зураглалыг харгалзан үзэж жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж байхаар тусгажээ.


















