Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жилд 8 тэрбум орчим гялгар уут далайд хаягддаг

Өнгөрсөн оны долоодугаар сарын 1-нээс хойш тэдний хоёр нь буюу "Coles", "Woolworths" дэлгүүр нэг удаагийн гялгар уутаар иргэдэд үйлчлэхээ зогсоосон юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жилд 8 тэрбум орчим гялгар уут далайд хаягддаг
Жилд 8 тэрбум орчим гялгар уут далайд хаягддаг. Зураг: МҮОНРТ

Австрали улсад хүнсний гурван томоохон сүлжээ дэлгүүр байдаг. Өнгөрсөн оны долоодугаар сарын 1-нээс хойш тэдний хоёр нь буюу "Coles", "Woolworths" дэлгүүр нэг удаагийн гялгар уутаар иргэдэд үйлчлэхээ зогсоосон юм.

Эдгээр дэлгүүрийн тухайд нэг удаагийн хүнсний гялгар уутаар худалдан авагчдад үнэгүй үйлчилдэг байснаа больж, тус бүр нь нэг австрали долларын үнэтэй олон удаа хэрэглэдэг даавуун уутаар үйлчилж эхэлсэн. “Австралийн Үндэсний Жижиглэн Худалдааны Холбоо”-ны мэдээлснээр шийдвэр гаргасан өдрөөс хойш гурван сарын дотор тус улс даяар гялгар уутны хэрэглээ 80 хувиар буурсан бөгөөд энэ нь 1.5 тэрбум гялгар уутыг австраличууд хэрэгцээнээсээ хасч чадсан гэсэн үг юм.

Тус холбооны тэргүүн Стоут “Хэдийгээр бид гялгар уутны хэрэгцээг тодорхой хэмжээнд амжилттай бууруулж чадсан ч жижиг мухлагууд болон хүнсний салбарт түүний хэрэглээ байсаар байна. Байгаль орчин болон ирээдүйнхээ төлөө бидний зайлшгүй хийх ёстой зүйлүүдийн нэг бол гялгар уутны хэрэглээг огт байхгүй болгох явдал юм” гэж ярьжээ.

Австрали улс даяар өдөрт 10 сая буюу нэг жилд 4 тэрбум гялгар уут хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Хэдийгээр хог хаягдлыг дахин боловсруулдаг боловч гялгар уут нь хөнгөн учир салхинд амархан хийсч хол зай туулан далай, тэнгисийн бохирдлыг бий болгодог. Усан дотор байгаа уут нь далайн замагтай ижил харагддагаас болж усны амьтад андууран түүгээр нь хооллосноор олноороо амь үрэгдсээр байна.

Сиднэй их сургуулийн хийсэн 2018 оны судалгаанд дурдсанаар дэлхий даяар жилд 8 тэрбум орчим гялгар уут далайд хаягддаг байна.

Төгсгөлд нь гялгар уутны талаар товчхон түүх дурдвал анх 1965 онд Шведийн "Celloplast" компани зах зээлд гаргаж, 1970 онд Хойд Америкт, 1980 оны эхээр дэлхий даяар өргөнөөр хэрэглэх болжээ.

Бэлтгэсэн: Б.Гэрэлмаа
Австрали улс, Сиднэй хот

Хуваалцах