Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Кабул хотод хэт даврагчдын эсрэг ажиллагаа үргэлжилж байна

Афганистаны нийслэл Кабул хотод одоогийн байдлаар хотын зүүн хэсэг дэх Засгийн газрын байрыг булаан эзэлсэн хэт даврагчдын эсрэг ажиллагаа үргэлжилж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кабул хотод хэт даврагчдын эсрэг ажиллагаа үргэлжилж байна
Кабул хотод хэт даврагчдын эсрэг ажиллагаа үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Афганистаны нийслэл Кабул хотод одоогийн байдлаар хотын зүүн хэсэг дэх Засгийн газрын байрыг булаан эзэлсэн хэт даврагчдын эсрэг ажиллагаа үргэлжилж байна. Хөдөлмөрийн яам болон өөр хэд хэдэн төрийн байгууллага тус халдлагад өртжээ.

Халдлагын үеэр тухайн байранд байсан хүмүүс болон халдлага үйлдсэн этгээдүүд ямар хохирол хүлээсэн талаар нарийн тодорхой мэдээлэл байхгүй байна. Нэг цагдаа амь эрсдэж, өөр 16 хүн шархадсаныг эмнэлэгт хүргэсэн талаар “Ассошиэйтэд пресс” агентлаг мэдээлжээ.

Халдлага гарах үед 300 гаруй хүнийг чөлөөлж гаргасан гэж Аюулаас хамгаалах хүчний төлөөлөгч мэдэгдэж байна. Тус улсын Дотоод хэргийн яамнаас сэтгүүлчдэд мэдээлснээр бол буудалцааны явцад халдлага үйлдсэн этгээдүүдийн гурав нь алагдаж, дөрөв дэх нь халдлага эхлэх мөчид жолоодож байсан авто машинтайгаа дэлбэрчээ.

Үүний зэрэгцээ хэт даврагч алан хядагчдын гарт барьцааны хүмүүс байгаа. Тэднийг чөлөөлөх ажиллагаа үргэлжилж байна гэж Афганистаны Дотоод яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Одоогоор Афганистаны Засгийн газрын эсрэг бүлэглэлүүдийн нэг нь ч энэ халдлагад холбоотой талаараа мэдэгдэл хийгээгүй байна. Энд дурдахад, өчигдрийн халдлага оны туршид нийслэл Кабул хотод гарч байгаа 22 дахь зэвсэгт халдлага болжээ.

Тэр бүх халдлага дайралтын улмаас 500 гаруй хүн амь эрсдэж, мянга гаруй хүн шархаджээ. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Афганистанаас тун удахгүй 5000-аас дээш тооны цэргээ гаргах бодолтой байгаа талаараа мэдэгдсэн. Сириэс 2000 цэргээ гаргах тухай зарласнаасаа нэг өдрийн дараа Дональд Трамп дээрх мэдэгдлийг хийсэн юм.

Хуваалцах