Кале дахь дүрвэгсдийн хуаранг татан буулгана
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өчигдөр Ла Маншийн эрэг, Кале хотод ажилласан байна. Энэ үеэр тэрбээр Кале дахь дүрвэгсдийн хуаранг татан буулгахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
Мэдээллийн алба

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өчигдөр Ла Маншийн эрэг, Кале хотод ажилласан байна. Энэ үеэр тэрбээр Кале дахь дүрвэгсдийн хуаранг татан буулгахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Францын Ерөнхийлөгч энэ оны эцэс гэхэд дүрвэгсдийн хотхоныг татан буулгаж хүмүүсийг нь нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгааг хууль сахиулахын ажилтнуудтай уулзах үеэрээ мэдэгдсэн байна. Тэрбээр мөн улс төрийн өрсөлдөгчдөдөө хандаж сонгуулийн өмнөх компанит ажилдаа энэ асуудлыг ашиглахгүй байхыг ч уриалжээ. Үүний зэрэгцээ Францын төрийн тэргүүн Их Британи улсад хандаж Кале дахь дүрвэгсдийн хуарантай холбоотойгоор тус улсын зүгээс авч хэрэгжүүлж байгаа хүчин чармайлтад нэгдэхийг уриаллаа.
Орон нутгийн оршин суугчдын ширэнгэн ой хэмээн нэрийддэг энэхүү дүрвэгсдийн хуаранд ойролцоогоор 9 мянга гаруй хүн амьдардаг байна. Тэдний олонх нь Ойрхи Дорнод, Африкийн орнуудын иргэд байдаг аж. Хууль бус цагаач, дүрвэгсдийн хямралаас болж орон нутгийн иргэд болон энэ хуаранд амьдардаг ч дүрвэгсдийн хоорондын харьцаа улам бүр хурцдах болсон юм. Есдүгээр сарын эхээр Кале хотын оршин суугчид энэ бүс нутагт дүрвэгсдийг байрлуулахыг эсэргүүцсэн томоохон жагсаал цуглаан хийж байсан юм. Франсуа Олланд 2012 онд Францын Ерөнхийлөгчөөр сонгогдож үүрэгт ажилдаа орсноосоо хойш ийнхүү анх удаагаа Кале хотод ажлын айлчлал хийж байгаа нь энэ юм. Тэрбээр өнгөрсөн зун тус хотод ажиллах ёстой байсан ч Ницца болон Нормандын сүмд болсон террорист халдлагаас болж хойшлуулж байсан юм.


















