Калифорнид халдлага үйлдэгчид шашны хэт тулгуур үзэлд автсан байжээ
АНУ-ын холбооны мөрдөх товчоо өнгөрсөн долоо хоногт Калифорнид халдлага үйлдсэн хосууд хэдэн жилийн өмнө Исламын шашны хэт тулгуур үзлийн нөлөөнд автсан болохыг тогтоожээ.
Мэдээллийн алба

АНУ-ын холбооны мөрдөх товчоо өнгөрсөн долоо хоногт Калифорнид халдлага үйлдсэн хосууд хэдэн жилийн өмнө Исламын шашны хэт тулгуур үзлийн нөлөөнд автсан болохыг тогтоожээ. Саеид Ризван Фарүүк, түүний эхнэр Ташфийн Малик нар өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Калифорнийн Сан Бернардинод олон нийтийн газар буугаар шүршиж, 14 хүний аминд хүрч, 21 хүнийг шархдуулсан юм.
Тэд тухайн үед хэргийн газраас зугтахыг завдсан ч цагдаа нар аргагүй хамгаалалт хийж, тэднийг хөнөөсөн юм. Нэг гэр бүлийн энэ хос сүй тавихаасаа өмнө 2013 оны сүүлээр Исламын шашны хэт тулгуур үзэлд автсан байсан гэж Холбооны мөрдөх товчоо дүгнэлт гаргажээ. Холбооны мөрдөх товчоо энэ хос гадны алан хядагч байгууллагуудын нөлөөнд автсан байсан, тэд гаднаас өөр ямар тусламж авсан бэ гэдгийг цаашид мөрдөн шалгана гэж удирдлага нь мэдэгдсэн байна.
Мөн Өрнөдийн зарим хэвлэлүүдэд хэргийн гол сэжигтэн Саеид Ризван Фарүүк 2011 оноос хойш АНУ-д халдлага үйлдэхээр зэхэж байсан байж болзошгүй гэсэн хууль хяналтынхны мэдээллийг иш татан мэдээлж байна. Залуу хос гадны алан хядагчдын нөлөөнд автана гэдэг АНУ-ын хувьд аюулгүй байдлын эрсдэл ямар байна гэдгийг харууллаа. АНУ цаашид иргэд нь гадны шашны хэт тулгуур үзэлд автахаас сэргийлэхэд анхаарч ажиллах шаардлага тулгарч байна гэж Америкийн зарим албан тушаалтан үзэж байна.


















