Канад Олон улсын эвслээс онгоцоо татна
Канад улс саяхан Францад террорист халдлага болсон ч "Исламын улс" бүлэглэлийн эсрэг Олон улсын эвслээс бөмбөгдөгч онгоцуудаа эргүүлэн татах төлөвлөгөөгөө өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ.
Мэдээллийн алба

Канад улс саяхан Францад террорист халдлага болсон ч "Исламын улс" бүлэглэлийн эсрэг Олон улсын эвслээс бөмбөгдөгч онгоцуудаа эргүүлэн татах төлөвлөгөөгөө өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо "Их 20"-ийн эрх баригчидтай уулзалт хийснийхээ дараа энэ тухай мэдэгдсэн байна. Жастин Трюдогийн хувьд өнгөрсөн сард болсон парламентын сонгуульд нам нь ялалт байгуулж, Канадын Ерөнхий сайдын албан тушаалыг хүлээн аваад дөнгөж хоёр долоо хонож байна.
Түүний тэргүүлдэг нам "Исламын улс" бүлэглэлд агаараас цохилт өгөх ажиллагаанаас Канадын бөмбөгдөгч онгоцуудыг татна гэж сонгуулийн кампанит ажилдаа амлаж байсан юм. АНУ-ын тэргүүлдэг олон улсын эвслийн гишүүн Канад улс Сири, Иракийн нутаг дэвсгэрт "Исламын улс" бүлэглэлийн байрлалуудад агаараас цохилт өгөхөд бөмбөгдөгч зургаан онгоцоо илгээсэн юм. Канад улс бөмбөгдөгч онгоцуудаа эргүүлэн татлаа ч "Исламын улс" хэт даврагч бүлэглэлтэй тэмцэхэд Иракийн цэргийн хүчнийхнийг сургахад дэмжлэгээ үргэлжүүлнэ гэдгийг шинэ Ерөнхий сайд онцлон тэмдэглэжээ.


















