“Кандида Аурис” мөөгөнцрийн халдвар авсан 587 тохиолдол бүртгэгджээ
“Кандида Аурис” мөөгөнцөр эрүүл, дархлаа сайтай хүнд хор хөнөөл учруулахгүй. Харин хүнд өвчтэй, антибиотик байнга хэрэглэдэг хүнд халдварлах магадлал өндөр аж.
Мэдээллийн алба

АНУ-ын Нью-Йорк хотын Гэгээн Синайн эмнэлэгт таалал төгссөн хижээл настай өвчтөнөөс “Кандида Аурис” мөөгөнцрийн халдвар илэрсэн байна. Ийн тус эмнэлэгт бүрэн хэмжээний ариутгал хийж, шал, тааз, тоног, төхөөрөмж, цагаан хэрэглэлийг халдваргүйжүүлсэн ч Нью-Йорк болон Иллинойс, Мерилэнд, Нью-Жерси зэрэг 12 мужид мөөгөнцрийн халдвар авсан 587 тохиолдол бүртгэгджээ. Цаашлаад өвчтөнүүдийн 50 орчим хувь нь 90 хоногийн дотор нас баржээ. Түүнчлэн энэ төрлийн мөөгөнцрийн халдвар авсан 18 тохиолдол Хятадад бүртгэгдсэн талаар “Вэйбо” цахим хуудас мэдээлжээ.
“Супер мөөгөнцөр” гэгддэг “Кандида Аурис” мөөгөнцөр анх 2009 онд япон өвчтөнөөс илэрчээ. Эл мөөгөнцөр дархлаа нь муудсан, ужиг хүнд өвчтэй, өвчтөний арьс, салст, эмнэлгийн багаж төхөөрөмж, цагаан хэрэгслийн гадаргуу дээр үүсэж, халдваргүйжүүлээгүй тохиолдолд тархдаг юм байна. Тиймээс халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд “Супер мөөгөнцөр”-ийн халдвар авсан өвчтөнийг нэн яаралтай тусгаарлах, ариун цэвэр сахиулах, тухайн эмнэлэгт халдваргүйжүүлэлт хийж, нэг удаагийн багаж, хэрэгсэл, тариур ашиглах зэрэг арга хэмжээ авах ёстой аж.
Дашрамд дуулгахад, “Кандида Аурис” мөөгөнцөр эрүүл, дархлаа сайтай хүнд хор хөнөөл учруулахгүй. Харин хүнд өвчтэй, антибиотик байнга хэрэглэдэг хүнд халдварлах магадлал өндөр аж.


















