"Капитал" банкийг дээрэмдэх үед хамгаалалтын ажилтан нь байжээ
Тодруулбал, тус салбарт 25-30 орчим насны эрэгтэй хүн халдаж, банкны ажилтнуудыг айлган сүрдүүлж дээрэм хийжээ.
Мэдээллийн алба

Өчигдөр 19:00 цагийн орчим “Капитал” банкны Хан-Уул дүүрэгт байрлах салбарт дээрмийн хэрэг гарчээ. Тодруулбал, тус салбарт 25-30 орчим насны эрэгтэй хүн халдаж, банкны ажилтнуудыг айлган сүрдүүлж дээрэм хийжээ.
Бид энэ талаар "Капитал" банкны ажилтнаас тодруулахад, “Тийм хэрэг гарсан нь үнэн. Одоо хэргийг Цагдаагийн байгууллага, хамгаалалтын албатай хамтарч шалгаж байгаа. Удахгүй энэ талаар албан ёсны мэдээлэл хийнэ” гэсэн юм.
Түүнчлэн албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар гэмт этгээд хутга барин банкны ажилтнуудыг сүрдүүлсэн бөгөөд 14 орчим сая төгрөг дээрэмдсэн аж. Мөн "Капитал" банк хувийн нэгэн хамгаалалтын албатай хамтарч ажилладаг бөгөөд тухайн үед хамгаалалтын ажилтан нь байсан байна. Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.


















