Казак иргэдийг ажилд авах талаар хүсэлт гаргав
Олон ястны өлгий нутаг Баян-Өлгий аймагт зуншлага сайхан байна. Энэ аймагт таван жилийн өмнө барилгын цэргийн анги болох Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийг байгуулсан нь өнөөдөр орон нутагт бүтээн байгуулалтыг ажлыг нугалах хөшүүрэг болтлоо хөгжжээ.
Мэдээллийн алба

Олон ястны өлгий нутаг Баян-Өлгий аймагт зуншлага сайхан байна. Энэ аймагт таван жилийн өмнө барилгын цэргийн анги болох Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийг байгуулсан нь өнөөдөр орон нутагт бүтээн байгуулалтыг ажлыг нугалах хөшүүрэг болтлоо хөгжжээ.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий "Асгатын мөнгөний орд" хүрэх 7.3 км зам, 72.8 метр урттай бетон гүүрийг чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэж ашиглалтад оруулснаас гадна Баян-Өлгий аймгийн Тагнуулын газрын барилга, Нэгдүгээр бага сургуулийн спорт заал, Алтай, Толбо, Цагааннуур сумын цагдаагийн кабоны барилга, албан тушаалын 40 айлын орон сууцны барилга зэрэг цэрэг эрсийн бүтээн байгуулалтын их ажлаас арвин байна. Тэд таван жилийнхээ ойн баярын өдөр дахин нэгэн бүтээн байгуулалт сүндэрлүүлсэн нь албан тушаалын 40 айлын орон сууц. Батлан хамгаалах яамнаас 2015 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан нэг жилийн хугацаанд 16 автомашины гарааштай 40 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан байна. Ингэхдээ нэг жилийн хугацаанд Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас 2.5 тэрбум төгрөгөөр барьжээ. Тэд өөрсдийн барилгачин цэргүүдээ ашиглан 80 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн байна. Гэхдээ 40 айлын орон сууцыг дагасан нэгэн бэрхшээл тулгарсан тухай ангийн захирагч, дэд хурандаа Б.Дорждэрэм нуусангүй. Энэ нь орон сууцаа ангиа түшиглэж аймгийнхаа захад байгуулсан нь халуун, хүйтэн усны шугамгүй байх шалтгаан болжээ. Ангийн ойролцоо Засгийн газраас барьсан стандарт шаардлага хангасан "Битүү зах" ашиглалтад орсон ч худалдагч, худалдан авагч нар хуучин захаасаа "салахгүй" байгаа учраас шинэ нь худалдааны төв болж хараахан амжаагүй байна. Хэрэв энэ төв ашиглалтад бүрэн орвол ангийн орон сууц эндээс шугамаа татаад явах боломжтой болж байгаа юм.
Энэ тухайд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Битүү зах ашиглалтад орох нь цаг хугацааны асуудал. Түүнээс ашиглалтад орохгүй нь гээд манайхан өөрсдөө шугамаа хайж, зардал гаргаад явах шаардлагагүй. Засаг дарга Х.Дарментэй энэ талаар ярилцсан байгаа. Тэрээр орон нутгаас онцгой анхаарна гэдгээ амалсан" гэсэн хариулт өгсөн. Харин Засаг дарга Х.Дармений зүгээс тавьсан хоёр хүсэлтийн нэг нь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид казах иргэдийг ажилд авах тухай. Хоёр дахь нь цэргийн албан татагдсан казах залуусын төвийн аймгууд руу татах тухай байв. Тодруулбал "Манай аймагт Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийг байгуулснаас хойш 5 жил өнгөрлөө. Энэ хугацаа бага мэт санагдавч тэдний хийж гүйцэтгэсэн ажил гэвэл тоймгүй их байна. Ялангуяа, Бригадын генерал П.Доржсүрэн энэ ангийг суурь баазыг бэхжүүлж, өрхийг нь татаж өгсөн гавьяатай хүн. Бид орон нутгийн бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийг оролцуулах сонирхол дүүрэн байдаг. Яагаад гэвэл тэд өндөр төвшинд чанартай хийж чаддаг. Харин нэг асуудал байгаа нь энэ ангийнхан маань казах иргэдийг ажилд авдаггүй. Салбарын сайдын зүгээс казах иргэдийг ажилд авч болохгүй гэж хатуу захьсан зүйл байдаг уу. Нэгэнт энэ аймаг цэргийн ангитай учраас казах иргэдийг ажилд оруулмаар байна" гэсэн юм.
Ц.Цолмон сайд, Г.Сайханбаяр хурандаа тэргүүтэй албаныхан үүний дараа Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзаж батлан хамгаалах салбарынхаа тухай товч танилцуулсан. Иргэдтэй хийх уулзалтын үеэр ч гэсэн казах иргэдийг ажилд авахгүй байгаа тухай гомдол тасраагүй юм. Мөн энэ үеэр Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн бүтээн байгуулсан стратегийн ач холбогдол бүхий "Асгатын мөнгөний орд" хүрэх 7.3 км зам, 72.8 метр урттай бетон гүүрийг очиж үзсэнээс гадна анги байгуулагдсаны 5 жилийн баярын арга хэмжээнд оролцож салбартаа түүчээлэн ажиллаж байгаа зарим алба хаагчдыг шагнаж урамшуулж, анги хамт олны урлагийн тоглолтыг үзэж сонирхов. Төгсгөлд нь Баян-Өлгий аймгийн Сагсай, Улаанхус дахь дугаар ангийн дугаар салбарын үйл ажиллагаатай танилцаж, ололт амжилт, бэрхшээл саадыг нь сонссон юм.


















