Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар 6 жилийн хугацаатай томилно
Ерөнхийлөгчөөс өнөөдөр Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилуулахаар УИХ-д санал хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Мэдээллийн алба

Ерөнхийлөгчөөс өнөөдөр Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилуулахаар УИХ-д санал хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Үүнтэй холбоотойгоор уншигчдадаа Х.Энхжаргалын дэлгэрэнгүй намтрыг хүргэж байна. Х.Энхжаргал 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1972-1982 онд Ерөнхий боловсролын сургууль, 1982-1987 онд НАХЯамны дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр, 1995-1996 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг Төрийн удирдлагын менежерээр тус тус дүүргэсэн. Мөн тэрээр Налайх дүүргийн Цагдан сэргийлэх хэлтэст өмчийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эрдэнэт хотын Цагдаагийн хэлтэст Эдийн засгийн ахлах төлөөлөгч, Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Замын цагдаагийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан. Одоо Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл технологийн төвийн даргаар ажиллаж байна.
Энэ албан тушаалд түүний гэмт хэрэгтэй тэмцэх, хууль хэрэгжүүлэх чадвар, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх албыг удирдах туршлага, эдийн засаг, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх туршлага, мэргэшил, удирдан зохион байгуулах, ажил хэрэгч чанарыг үндэслэн томилуулахаар хуулийн дагуу санал болгосон ажээ.
Нэмж мэдээлэхэд, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар, “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно” гэж заасан байдаг юм.
УИХ-аас Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн саналыг хэзээ хэлэлцэх талаарх мэдээллийг бид эргэн хүргэнэ.


















