“Хаан гэр” рестораны галыг 01:49 цагт унтраажээ
Нийслэлийн Онцгой байдлын газраас “Хаан гэр” грилл ресторанд өчигдөр гарсан галын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн Онцгой байдлын газраас “Хаан гэр” грилл ресторанд өчигдөр гарсан галын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тус ресторанд өчигдөр 15.33 цагийн орчимд гал гарсан бөгөөд Нийслэлийн онцгой байдлын газар 70 алба хаагч 20 автомашинтайгаар ажиллан, галыг 20:30 цагт намжааж, 01:49 цаг гэхэд бүрэн унтраасан байна.
Ийнхүү олон цагийн турш үргэлжилсэн галын талаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатар хэлэхдээ “Гал гарсан барилга нь 1957 онд баригдсан хуучны барилга учраас барилгын зураг хийц, бүтэц нь тодорхойгүй байсан. Мөн тавын банзаар доторлон, хөөсөнцрөөр дулаалж, дахин тавын банз хадаж, шилэн хөвөнгөөр доторлосон байсан нь гал тархах гол шалтгаан болсон. Мөн барилга шувуун дээвэртэй байсан учраас дээр гарч ажиллахад бэрхшээлтэй байлаа. Гэхдээ манай алба хаагчид бүх нөөц бололцоогоо дайчилж ажилласны хүчинд барилгын нэгдүгээр давхар руу гал орохоос бүрэн хамгаалж чадсан. Техник, тоног төхөөрөмжөөр дутагдсан асуудал гараагүй. Манай автомашинууд болон гал сөнөөгчид 2013 оны техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон” гэв.

Тус рестораны нэгдүгээр давхар галд автаагүй ч өргөтгөл болон бусад хэсэг “бараг бүрэн шатсан” гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлж байна. Одоогоор галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан хаагч, шинжээчид газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд гал гарсан обьектыг хамгаалалтад аваад байгаа аж.


















