“Хааны эрэлд-2016” эхэллээ
"Хааны эрэлд-2016" олон улсын сургууль 2016 оны тавдугаар сарын 22-ны энэ өдөр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ.
Мэдээллийн алба

"Хааны эрэлд-2016" олон улсын сургууль 2016 оны тавдугаар сарын 22-ны энэ өдөр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ. Ази-Номхон далайн бүс нутгийн хэмжээнд улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн үндсэн арга хэмжээний нэг болж өргөжсөн энэ удаагийн сургуульд зургаан тивийн 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагч оролцож байна.
Нээлтийн ажиллагаа эхлэхээс өмнө Ази, Европ, Африк, Өмнөд Америк, Хойд Америк, Австрали гэсэн зургаан тивийн цэрэг эрс Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн талбайд эгнэн жагссан байх бөгөөд тэдний цэргийн ёслолын жагсаал нь харилцан адилгүй. Олон улсын энэхүү сургуулийн нээлтийн ажиллагаа болон өөрийн орны цэргийн алба хаагчдын жагсаалыг сонирхохоор орон орны Элчин сайдууд, зочид төлөөлөгчид, цэргийн албаныхан хүрэлцэн ирсэн байв. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэлсэн.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж "Дэлхий ертөнцийн энхийн төлөө зорилгод нэгдэн манай сайхан оронд морилон саатсан “Хааны эрэлд-2016” Олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагад оролцож буй энхийн элч Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Зуун зууны баатарлаг түүхтэй Монгол эх орны зуны дэлгэр сайхан өдрүүдэд дэлхийн болон бүс нутгийн чанартай, улс орныг хамарсан олон чухал ажил, арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага юм. Өнөөдөр дэлхийн зарим хэсэгт хүн ард эцэс төгсгөлгүй хямрал мөргөлдөөний золиос болж, маргаантай зарим асуудлыг шийдвэрлэхийн тулд цэргийн хүч, зэр зэвсэг хэрэглэсээр байна. Ингэснээр мянга мянган хүн амь насаа алдаж, сая сая хүн орон гэрээсээ дүрвэж, олон хүн зовж шаналж байгаа нь эх дэлхийн хүн бүрийн санааг зовоосоор байна. Энэ бүхэн нь аливаа үүссэн маргаантай асуудлыг эвийн аргаар яриа хэлэлцээрээр шийдэх, нөхцөл байдлыг аль болох түргэн хяналтдаа авч, хямралыг урьдчилан намжаахад бүх талаар хамтран ажиллах шаардлагатайг бидэнд сануулсаар байгаа юм. Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд тодорхой үүрэг, хариуцлага хүлээж, өөрийн хувь нэмрээ оруулахыг эрхэмлэж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд манай цэргийн алба хаагчид үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна. 2006 оноос эхлэн Манай Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалтай хамтран энэхүү энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Энэ жилийн сургалт, дадлагыг “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой болохыг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Энхийг сахиулагчид нь цаг агаарын эрс тэс уур амьсгал, эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй орчинд үүрэг даалгавар биелүүлж, шинэ шинэ сорилт, шалгууртай байнга нүүр тулж байдаг хэн бүхний хийж чадах амар хялбар ажил биш. Гагцхүү цэрэг хүний цог жавхаа, хийморь золбоо, нугаршгүй хатан зориг, мятаршгүй идэвх зүтгэлээр л биеллээ олдог учраас би та бүхний шударга ариун үйл хэргээр ямагт бахархаж байдгаа зориуд хэлэхийг хүсэж байна. Монгол Улс НҮБ-ын байгууллагын бүрэн эрхт гишүүний хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ гүнээ ухамсарлан, энхийг эрхэмлэгч улс гэдгээ нотлон харуулж, даян дэлхийн энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл ажиллагааг тууштай дэмжин, нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэж ирсэн, цаашид ч энэхүү бодлого, чиглэлийг тууштай баримтлах болно. Дэлхий ертөнцийн энхийн зорилгод нэгдэн манай сайхан оронд морилон саатсан Та бүхэнд баярлалаа. Энхийн элч Та бүхэн сургалт дадлагадаа хамрагдан мэдлэг туршлагаа арвижуулахын зэрэгцээ Монгол үндэстний нүүдлийн соёлтой танилцаж, улс орнуудын найрамдлын гүүр болно гэдэгт итгэж байна" гэсэн юм.

Мөн Ази-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, Адмирал Харри Харрис Ази-Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчин, Монголын Зэвсэгт хүчний хамтарсан “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага 2006 оноос эхлэн олон улсынх болж өргөжсөн нь сургуулийн цар хүрээ, чадамжтай холбоотой төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургууль болсонд талархаж байдгаа илэрхийлж байв.
Дашрамд сонирхуулахад, сургуульд зургаан тивийн Австрали, АНУ, Балба, Бангладеш, Беларусь, Босни Герцеговина, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЧУ, БНЭУ, Буркина Фасо, Вьетнам, Гватимала, Гондурас, ИБУИНВУ, Индонез, Камбодж, Киргизстан, Канад, Катар, Кени, Малави, Малайз, Монгол, Норвеги, ОХУ, Пакистан, Перу, Польш, Румын, Сингапур, Тажикстан, Танзани, Тонга, Унгар, Уругвай, Фижи, Филиппен, Франц, ХБНГУ, Чили, Швед, Шинэ Зеланд, Шри Ланка, Эль Сальвадор, Япон зэрэг 47 рны 2000 гаруйцэргийн алба хаагчид оролцож байна. Уг сургалт, дадлагад Монгол Улсын БХЯ, ЗХЖШ, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлал, Тэнгисийн явган цэргийн командлал, тэдгээрийн харьяа анги, байгууллагууд оролцох бөгөөд тус сургалт, дадлагын хүрээнд хэд, хэдэн арга хэмжээнүүдийг зохион байгуулна.




Эх сурвалж: Батлан хамгаалах яам


















