Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хааны эрэлд-2016" олон улсын сургууль өндөрлөлөө

"Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагын хаалтын ажиллагаа 2016 оны зургадугаар сарын 4-ний энэ өдөр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
"Хааны эрэлд-2016" олон улсын сургууль өндөрлөлөө
"Хааны эрэлд-2016" олон улсын сургууль өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

"Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагын хаалтын ажиллагаа 2016 оны зургадугаар сарын 4-ний энэ өдөр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо. Зургаан тивийн 47 орны 2000 орчим цэргийн алба хаагчид хагас сарын хугацаанд олон сургалт, бэлтгэл хийж дадлагажихаас гадна Монголын багачуудад дотуур байр барьж өгч, 5000 гаруй иргэнд эмнэлгийн үйлчилгээг амжилттай үзүүллээ. Хаалтын ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны гишүүд болох Ж.Энхбаяр, Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Ази-Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлалын орлогч дарга, хошууч генерал Григори Билтон болон БХЯ, ЗХЖШ-ын бусад удирдлагууд, манай улсад суугаа Элчин сайдууд, атташе нар, олон улсын сургуульд оролцсон гадаадын цэргийн алба хаагчид оролцсон юм. Арга хэмжээний эхэнд Төрийн хүндэт харуул, сургалт дадлагад оролцож буй нийт бие бүрэлдэхүүн Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг угтан хүндэтгэн угтав. Үүний дараа Улсын Их Хурлын дарга, Батлан хамгаалахын сайд нар арга хэмжээнд оролцож буй хүндэт зочид, төлөөлөгчидтэй мэндчилсэн юм. “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын хаалтын ажиллагаанд зориулсан цуглааныг нээж Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон үг хэлсэн юм.

“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагад амжилттай оролцож өмнөө тавигдсан үүргээ амжилттай биелүүлсэнд талархаж Монгол Улсын Зэвсэгт хүчний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Бидний хамтран зохион байгуулан явуулсан “Хааны Эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагад 6 тивийн 47 орны 2000 орчим цэргийн алба хаагч оролцсон томоохон сургалт, дадлага боллоо. Эдүгээ дэлхий дахинд хэдэн арван бага, том хэмжээний зэвсэгт мөргөлдөөнтэй халуун цэгүүд байна. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны 2/3 нь сайн зэвсэглэсэн террорист болон хэт даврагсад, үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэл, хүний наймаа, хар тамхи, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа аюул эрсдэлийн өндөр зэрэглэлтэй газар оронд зохион байгуулагдан явагдаж байна. Энэ бүхэн нь олон улсын тавцанд НҮБ-ын хүлээх үүрэг хариуцлагыг улам бүр нэмэгдүүлж, НҮБ-ын ажилтнууд, ялангуяа энхийг дэмжигч, цэнхэр дуулгатуудаас илүү их хүчин чармайлт, мэргэжлийн ур чадварыг шаардаж байна. “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хамтарсан сургалт, дадлага нь энэхүү зорилтыг хангахад чиглэгдэж байгааг зориуд тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Та бүхэн манай оронд байх хугацаандаа мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлж, харилцан туршлагаа солилцсон төдийгүй, улс үндэстнийхээ уламжлал, зан заншил, түүх, соёлтой харилцан танилцаж, сайн найз нөхөд болцгоосон гэдэгт итгэл төгс байна. Энэхүү сургуулийг зохион байгуулж явуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал болон тус сургуульд цэргийн алба хаагчдаа оролцуулсан бүх улс орнуудад энхийн төлөөх үйлсэд нэгдсэн энхийг сахиулагчид та бүгдээр дамжуулан гүн талархал илэрхийлье! Цаашид “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагын цар хүрээг улам өргөжүүлж, тасралтгүй явуулахын тулд Монгол Улсын Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчин бололцоотой бүх зүйлийг Та бүхэнтэй хамтран хэрэгжүүлэх болно. “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагад оролцогсод Та бүхэнд дахин талархал илэрхийлж байна" гэсэн юм.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагад оролцсон бие бүрэлдэхүүнд баяр хүргэж үг хэллээ. Тэрээр, Монгол Улс даян дэлхийн шударга улс түмнүүдтэй энх тайвнаар зэрэгцэн оршиж энхийг эрхэмлэсэн олон тулгуурт нээлттэй гадаад бодлогыг баримтлан хэрэгжүүлж байгааг тэмдэглэн хэллээ. Энэ бодлогын хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлагыг уламжлал болгон зохион явуулсаар ирсэн болохыг онцлоод, “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлагад оролцогчдод талархал дэвшүүллээ. Үүний дараа Ази-Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлалын орлогч дарга, хошууч генерал Григори Билтон сургалт, дадлагад амжилттай оролцож өмнөө тавигдсан үүргээ амжилттай биелүүлсэн нийт оролцогчдод талархаж, чин сэтгэлийн талархал дэвшүүлэв. Мөн Батлан хамгаалахын сайдын тушаалаар олон улсын сургуульд оролцсон зарим орны алба хаагчдыг цэргийн медалиар шагнаж урамшуулсан юм.

“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагад 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагч ийнхүү амжилттай оролцлоо. Монгол Улсын БХЯ, ЗХЖШ, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлал, Тэнгисийн явган цэргийн командлал, тэдгээрийн харьяа анги, байгууллагууд зохион байгуулалтыг дээд төвшинд хийж гүйцэтгэв. Хагас сар гаруй хугацаанд үргэлжилсэн сургалт дадлагын хүрээнд команд штабын сургалт, дадлага, салаадын хээрийн сургалт, дадлага, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүчин чармайлтыг сайжруулах сургалтыг зохион байгууллаа. Гадаадын орнуудын цэргийн алба хаагчид бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Төв аймагт 40 сурагчийн дотуур байрыг барьж өгөхийн зэрэгцээ хүмүүнлэгийн чиглэлээр олон улсын эмнэлгийн баг Хан-Уул дүүргийн 5000 гаруй иргэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүллээ.

Эх сурвалж: Батлан хамгаалахын яам

Хуваалцах