Халаасны 16 хулгайчийг түр саатуулахаар болжээ
Одоогийн байдлаар халаасны хулгайн гэмт хэрэг байнга үйлддэг 8 эрэгтэй, 8 эмэгтэйг баяр өнгөртөл саатуулахаар болсон гэнэ.
Мэдээллийн алба

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хүн амын төвлөрөл ихтэй худалдааны төвүүдэд халаасны хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа аж. Амралтын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид "Нарантуул" худалдааны төв дээр эрчимжүүлсэн арга хэмжээ авч, тус төвийн цагдаагийн хэлтсийн судалгаанд байдаг 16 хүнийг хүний хөдөлгөөн ихэсдэг 12-18 цагийн хооронд түр саатуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ. Одоогийн байдлаар халаасны хулгайн гэмт хэрэг байнга үйлддэг 8 эрэгтэй, 8 эмэгтэйг баяр өнгөртөл саатуулахаар болсон гэнэ.
Цагдаагийн байгууллагаас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээ явагдаж байгаатай холбогдуулан хүний хөдөлгөөн ихтэй томоохон худалдааны төвүүд, олон нийтийн тээврийн хэрэгсэл болон үзэсгэлэн худалдаагаар их хэмжээний бэлэн мөнгөтэй явахдаа сонор сэрэмжтэй байхыг иргэддээ анхааруулж байна.


















