Халиа, дошин үүсч нөхцөл байдал хүндэрсэн газруудад ажиллалаа
Жил бүр хөрсний уснаас үүссэн халиа, дошин айл өрхийн хашаа хороо, гудамж талбайг бүрхэж улмаар хаврын улиралд шар усны үер үүсч их хэмжээний хохирол учруулдаг.
Мэдээллийн алба

Жил бүр хөрсний уснаас үүссэн халиа, дошин айл өрхийн хашаа хороо, гудамж талбайг бүрхэж улмаар хаврын улиралд шар усны үер үүсч их хэмжээний хохирол учруулдаг. Энэ долоо хоногт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нөхцөл байдал хүндрээд байсан СБД-ийн 14-р хороонд үүсээд буй халиа, дошинд шаардлагатай арга хэмжээг шуурхай авах үүргийг Геодези усны барилга байгууламжийн газарт үүрэг болгосон. Өчигдөр Хотын Ерөнхий менежер авсан арга хэмжээг шалгаж газар дээр нь ажиллалаа.
Мөсийг буталж, далан дагуу өндөрлөж урсгалыг далан дагуу нэвтрэхэд саадгүй болгон зүгшрүүлэх ажилд 15.5 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг шуурхай шийдвэрлэж арга хэмжээ авсан байна. Ирэх долоо хоногт болох Улсын онцгой комиссын хурлаар дээрх нөхцөл байдалтай ижил байгаа СХД-ийн 40-р хороо, ЧД-ийн 12-р хороо, БЗД-ийн 5, 22-р хороо, Амгалан, Улиастай зэрэг газарт үүсээд буй халиа, дошин, хөрсний усанд авах арга хэмжээтэй холбоотой төсөв тооцоог танилцуулан хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж Нийслэлийн онцгой байдлын газар, дурдагдсан дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүдэд үүрэг чиглэл өгч холбогдох ажлуудыг зохион байгуулна.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба


















