Халиун бугын зөвхөн эрэгчин нь “хос” эвэртэй
Орооны үе болох намар есдүгээр сарын хоёр дахь долоо хоногоос аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийг дуустал эрэгчин уртаар уянгалсан дуу гарган “урамдах” ба энэ нь согооны орооны хугацааг жигдрүүлэх, байршлаа мэдэгдэх, өрсөлдөгчөө тодорхойлох гэх мэт олон талын ач холбогдолтой.
Мэдээллийн алба

Халиун бугын зуны зүсийг ажиглавал улаан туяа бүхий бор хүрэн бөгөөд үс нь зөөлөн байдаг. Харин өвлийн зүс голдуу бор саарал зүстэй харагдахаас гадна үс нь урт ширүүн, өтгөн ноолууртай болдог.
Бугын овгийн амьтдын гол шинж нь жилдээ нэг удаа эврээ гээдэг бөгөөд зөвхөн эрэгчин нь “хос” эвэртэй. Эврээ хавар 3-4 сард гээж, намар дуудлагын өмнө шинэ эвэр (манайхан цусан эвэр гэж нэрлэдэг) ургаж гүйцнэ. Эрэгчин нас ахих тусам эвэрний салаа нэмэгдэнэ. Нас бие гүйцсэний дараа эвэрний салаа нэмэгдэхгүй харин эвэр угнаасаа эхлэн жилээс жилд бүдүүрч томрон илүү хүчирхэг болдог нь орооны үед бусад эрэгчнээс илүү “согоо буюу эмэгчин” хураах боломжийг нэмэгдүүлдэг. Зөвхөн орооны үедээ эрэгчин эмэгчнээс бүрдсэн үржлийн түр сүрэг үүсгэдэг бөгөөд бусад үедээ эрэгчин эмэгчнээрээ ялгарч ойролцоо насны бодгалиуд түр сүрэг үүсгэнэ. Орооны үе болох намар есдүгээр сарын хоёр дахь долоо хоногоос аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийг дуустал эрэгчин уртаар уянгалсан дуу гарган “урамдах” ба энэ нь согооны орооны хугацааг жигдрүүлэх, байршлаа мэдэгдэх, өрсөлдөгчөө тодорхойлох гэх мэт олон талын ач холбогдолтой.



















