Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэнэ
Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад манай ард түмэн яаж тэмцэж ирснийг өнөө үеийнхэн ойлгох нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын оюун санааны дархлаа болох юм.
Мэдээллийн алба

Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойг энэ оны наймдугаар сард тэмдэглэхээр Засгийн газар шийдвэрлэлээ.
Ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Шадар сайд Д.Тэрбишдагва ахлах бөгөөд бүх шатны Засаг дарга нар дайнд оролцсон ахмад дайчдын гавьяаг сурталчлан алдаршуулах, амьдрал ахуйд нь туслах ажил зохион байгуулна. Өнгөрсөн сарын байдлаар Халхын голын дайнд оролцсон 45 ахмад дайчин амьд сэрүүн байна.
Ойн хүрээнд олон шатны уулзалт, олон улсын эрдэм шинжилгээний хурал, уралдаан тэмцээн зохион байгуулна. Мөн Монгол-Зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэргээн засварлаж, Халхын голын дайнд эрэлхэг гавьяа байгуулсан БНМАУ-ын гарамгай баатар Л.Дандар, БНМАУ-ын баатар Ц.Олзвой нарын мэндэлсний 100 жилийн ойг тус тус орон нутагт нь тэмдэглэн өнгөрүүлнэ. Монгол, Оросын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2014" цэргийн хээрийн сургуулийн төгсгөлийн ажиллагааг ойн баярын арга хэмжээтэй давхцуулан Дорнод аймгийн нутагт хийхээр төлөвлөж байна.
Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад манай ард түмэн яаж тэмцэж ирснийг өнөө үеийнхэн ойлгох нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын оюун санааны дархлаа болох юм.


















