Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Халтиргаа гулгаа ба хотын түгжрэл

Олон өдөр дараалан их цас орсны улмаас хотын халтиргаа гулгаа, автозамын түгжрэл, осол аваар, бэртэл гэмтлийн тоо эрс нэмэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Халтиргаа гулгаа ба хотын түгжрэл
Халтиргаа гулгаа ба хотын түгжрэл. Зураг: МҮОНРТ

Олон өдөр дараалан их цас орсны улмаас хотын халтиргаа гулгаа, автозамын түгжрэл, осол аваар, бэртэл гэмтлийн тоо эрс нэмэгджээ. Нийслэлийн хэмжээнд бүтэн жил нөөцөлсөн давс, бодисынхоо дийлэнх хувийг хэрэглэсэн, хот тохижилтын ажилтнууд цасаа цэвэрлэж дийлэхгүй нөхцөлд хүрээд байна. Энэ сэдвээр Санчирмаа, Бат-Эрдэнэ нарын бэлтгэсэн сурвалжлагыг одоо хүргэе.

Халтиргаа гулгааны улмаас хотын гол автозамууд түгжрэл ихтэй байна.

Нийслэлийн хэмжээнд түгжрэлгүй зам гэж бараг алга. Хотын захын Баянхошуу, Ар согоот, Нисэх, Яармаг болон Зүүнээс баруун 4 зам, багшийн дээд, ялалтын талбай гээд төвийн гол замууд ч түгжрэл ихтэй байна.

Энэ сарын 24-нд 200 тонн давс, бодис нэмж оруулж ирнэ.

Цаг уурын хүнд нөхцөл байдлаас шалтгаалан давс, бодисын хүрэлцээ хаанаа ч хүрэхгүй болсон. Өвлийн эхний сард нийт нөөцөө барж байгаа ийм нөхцөлд төсвийн тодотголд давс, бодисыг нэмж оруулах шаардлага тулгарч байна. Эхний ээлжинд НЗД-ын нөөц хөрөнгөнөөс 200 тонн бодис нэмж шийдэхээр болжээ. Мөн хот тохижилтын ажилтнууд дээр хүч нэмж цэргүүд болон оюутан сурагчдыг цас цэвэрлэгээнд дайчлах юм байна.

Нэмэлтээр 600 тонн давс, бодис шаардлагатай.

Одоо нийслэлийн нөөцөд байгаа 70 тонн бодисыг 3 өдрийн турш автозамд ашиглахад хүрэлцээтэй. Ирэх 4 өдрөөс нэмж бодис ирэх учраас автозамын халтиргаа гулгааны асуудлыг шийдэх боломжтой болно гэж нийслэлийнхэн тооцож байгаа.

Хүнд өвөл болно, цас их орно гэсэн мэдээллийг эртнээс өгсөн ч бэлтгэл муутай өвлийг угтаж байгаа энэ жишээг ахин давтахгүйн тулд одоо авах хамгийн гол арга хэмжээ бол техник хэрэгслийн шинэчлэл. Алийн болгон хүрз, малтууртай хэдэн ажилтан байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эсрэг бээрч зогсох вэ гэдгийг УИХ-ын гишүүдээсээ эхлэн анхаарч, шаардлагатай төсвийг нь шийдэхэд дэмжлэг болох цаг болчихоод байгааг ч дээрх нөхцөл байдал харуулж байна.

Ц.Санчирмаа

Хуваалцах