Халуун сэдвээр: МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар, ҮЗ-ийн дарга Г.Пүрэвдорж нар хариулт өгч байна
Энэ сарын 18-нд МҮОНТ-ийн уран бүтээлчдээс нэгэн өргөх бичиг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд очсон билээ. Уг бичигт МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр нь ашиг сонирхлын зөрчилтэй, удирдан зохион байгуулах чадваргүй, удаа дараа хууль бус үйлдлүүд хийсэн зэрэг нь телевизийн үйл ажиллагааг хэвийн явуулахад хүнд
Мэдээллийн алба

Энэ сарын 18-нд МҮОНТ-ийн уран бүтээлчдээс нэгэн өргөх бичиг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд очсон билээ. Уг бичигт МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр нь ашиг сонирхлын зөрчилтэй, удирдан зохион байгуулах чадваргүй, удаа дараа хууль бус үйлдлүүд хийсэн зэрэг нь телевизийн үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэлтэй болсон тул цаашид хамтран ажиллах боломжгүй хэмээн 150 орчим уран бүтээлч гарын үсгээ зурсан юм.
Үндэсний зөвлөл хуралдаанаараа уг асуудлыг авч хэлэлцэн, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарт 12 дугаар сарын 2-ны дотор өөрийн эрх үүргийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхийг чиглэл болгон тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу М.Наранбаатар Ч.Даваабаярыг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан юм. Харин Ч.Даваабаяр албан тушаалаас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзэн, улмаар Ерөнхий захирал М.Наранбаатарыг шүүхэд өгч байгаагаа мэдэгдсэн юм.
MNB.mn сайт энэхүү үйл явдлын мөрөөр Үндэсний Зөвлөлийн дарга Г.Пүрэвдорж, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар нарын байр суурийг тодрууллаа. Мэдээллийг тэнцвэржүүлэх үүднээс Ч.Даваабаяраас тодруулга авахаар удаа дараа хандсан боловч эрүүл мэндийн гэх шалтгаанаар хариулт өгсөнгүй.
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар: "Би асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдсэн"
-МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг тойрсон асуудал нэлээд хурцаар өрнөж байна. Энэ асуудалд таны байр суурийг тодруулмаар байна?
-Хэдийгээр нэг телевизийн асуудал юм шиг боловч олон нийтийн байгууллага гэдэг утгаараа нийгэмд ил байх учиртай зүйл.
Өнгөрсөн долоо хоногт манай телевизийн хамт олны санал бодол ил гарч, түүнийхээ дагуу Ерөнхий захирлыг давж заалдан, Үндэсний зөвлөлд хандсан захидал илгээсэн. Давж заалдах гэдгийн учир нь манай уран бүтээлчид өмнө нь надад хоёр ч удаа хандаж байсан. Би тэр бүрт “Та нар ингэж болохгүй. Даргыг та бүхэн сонгодог юм биш. Харин дарга томилогддог юм. Бие биенийхээ сул талыг бүү хар, давуу талыг нь харж, хамтран ажиллах хэрэгтэй” гэж хэлэн, буцааж байсан. Гэтэл энэ удаад телевизийн уран бүтээлчид гарын үсгээрээ нэгдэн Үндэсний зөвлөлд хандсан байсан. Телевизийн 200 орчим уран бүтээлчдээс 150 нь тийм өргөх бичиг өгнө гэдэг бол Үндэсний Зөвлөлийн хувьд анхаарч, авч хэлэлцэх асуудал гэж үзсэн байх. Үндэсний зөвлөлийн гурван гишүүн талуудын байр суурийн талаар мэдээлэл сонсож, тэрхүү мэдээллийн дагуу ээлжит хурлаар авч хэлэлцсэн. Тэгээд 12 дугаар сарын 2-ны дотор бүрэн эрхийнхээ дагуу шийд гэсэн тогтоол надад ирүүлсэн. Би хуулийн дагуу шийдсэн.
-Харин тогтоолын дагуу таны гаргасан шийдвэрийг Ч.Даваабаяр арай өөр байр сууринаас тайлбарлаж байгаа?
-Үндэсний зөвлөлийн тогтоол гарахаас өмнө ч, дараа нь ч би уран бүтээлчидтэй уулзсан. Захирлын зөвлөл үүсээд байгаа нөхцөл байдлыг авч хэлэлцсэн. Тэгээд Үндэсний зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу, эрх мэдлийнхээ хүрээнд шийдлээ.
Ч.Даваабаяр захирлын мэдэгдсэн асуудлуудаар нэр бүхий хүмүүст аудитын шалгалт оруулах тухай заалт энэ тушаалд бас байгаа шүү дээ. Ер нь сүүлийн үед хэвлэлээр гарч байгаачлан, Ч.Даваабаярын бодож байгаагаар би энэ бүхнийг зохион байгуулаад байгаа бололтой. Гэтэл надад ийм юм хийх ямар шаардлага байх юм бэ. Бүрэн эрхийнхээ хүрээнд шууд л шийдээд явуулчихна шүү дээ.
-Өмнө нь хамт олон тань хоёр ч удаа өргөдөл гомдол гаргасан байхад яагаад хянаж үзээгүй юм бэ?
-Ер нь манай телевизийнхнийг дуртай хүнээ хүлээж авдаг, дургүй хүнээ хүлээж авдаггүй гэж ярьдаг шүү дээ. Хэзээнээс л ийм яриа байсан. Тэгэхээр нэгдүгээрт тэр яриа нөлөөлсөн, хоёрдугаарт залуу хүн, энэ салбарт, хувийн телевизэд ажиллаж, бизнес эрхэлж байсан туршлагатай юм байна гэдэг үүднээс Ч.Даваабаярт боломж олгож, тодорхой хугацаанд харах ёстой гэж үзсэн.
-Анх телевизийн захирлаар сонгосон шалтгаан ч гэсэн энэ талуудыг нь харгалзсан гэсэн үг үү?
-Тухайн үед дөрөв, таван хүн сонгон шалгаруулалтад ирж байсан. Бүрэн эрхийнхээ хүрээнд ямар ч байсан би сонгож, томилсон, сүүлдээ ийм явдал боллоо. Өнгөрсөн долоо хоногийн нэг дэх өдөр Телевизийн ээлжит хурал дээр хамт олон нь Ч.Даваабаяртай хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ хэлэхэд “Би сонирхлын зөрчилтэй гэдгээ мэдэж байна. Намайг томилолтоор явж байхад улс төрийн хүчнээс дуудаж томилсон” гэж хэлсэн байсан. Улстөрийн томилгоо гэж энэ хүн юуг хэлснийг өөрөөс нь асуух ёстой байх.
-Ч.Даваабаяр захирал маш олон мэдэгдэл хийсэн. Тэдгээр асуудлуудыг та болон захирлын зөвлөл мэдэж байсан уу?
-Живж яваа хүн хөвж яваа модны мөчрөөс ч хүртэл зуурахыг хичээдэг шүү дээ. Тэгэхээр нэрээ цэвэрлэхийн тулд гадуур яаран сандран гүтгэлэг тарааж байгаа хэрэг гэж харж байна. Бодит байдал дээр улс төрийн заналхийлэл ч ирж байна. Танайхыг янз бүр болгоно, хувьчилна, сөнөөнө ч гэх шиг. Энэ бяртай үг бол нөлөө бүхий хүмүүсийн хэлдэг үг л дээ.
-Олон жилийн бугшсан алдаа оноогоо олж харахаа больчихсон гэдэгтэй санал нийлэх хүмүүс бас байна л даа?
-Хэвлэлүүд нэг хүний үгээр бичээд, яриад байгаа нь учир дутагдалтай л даа. Хамт олноо би 100 хувь өмөөрөхгүй, алдаа оноо бий л байх. Гэхдээ энэ алдааг бас өөр өнцгөөс олж харах ёстой. Яагаад гэвэл энэ байгууллагын удирдлага дандаа улс төрийн томилгоогоор томилогдож байсан, сая бас улс төрийн оролцоотой томилогдсон ч гэх юм шиг яригдаж байна. Урьд өмнө нь улс төрийн томилгоотой хүмүүс байнга удирдаж байсан болохоор уран бүтээлчид нь “За нэг нүүдлийн шувуу биз, энэ даргыг аргалаад намын даргыг нь магтчихъя. Нэг талд нь жаахан явчихъя” гэж боддог байсан байх. Гэхдээ одоо бол манай зарчим огт өөр болсон, нийгмийн шаардлага, хүлээлт ч өөр шүү дээ. Олон нийт үүнийг ойлгож байгаа. Бугшсан юм байвал шахаж гаргах хэрэгтэй. Тиймээс ч бүх шатны хянадаг, шалгадаг байгууллагууд ажиллаж байна.
-Энэ байгууллагад шинэчлэл эхлүүлсэн боловч хэдхэн хүн шинэчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг тайлбарыг хийж байсан. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Ч.Даваабаяр гэдэг хүн МҮОНТ-ийг үгүйсгэхдээ маш хариуцлагагүй, худлаа зүйл их ярьсан. Тухайлбал, Ч.Даваабаяр HD форматад шилжүүлэх ажлыг эхлүүлсэн гэж байна. Энэ бол хэн нэг хүн ирэнгүүтээ “нүд ирмэхийн зуур” хийчихдэг ажил биш л дээ. Ч.Даваабаярыг ирэхээс 2 жилийн өмнө улс орон даяараа тоон системд шилжих шийдвэрийн дагуу манай байгууллагын бодлогын баримт бичиг бэлэн болсон байсан юм. Байгууллагын стратеги төлөвлөгөөний дагуу хийгдээд, тендер зарлагдаад, тоног төхөөрөмж нийлүүлэгдээд явж байсан. Хөрөнгө мөнгө төсөвлөнө, батлуулна гэдэг чинь цаг хугацаа ордог ажил шүү. Харин Ч.Даваабаярыг захирал болох үед тууз хайчилж таарсан. Энэ телевизийн уран бүтээлчид цаг үеэ мэдэрдэггүй, техникийн шинэчлэлийн тухай төсөөлөлгүй юм шиг олон түмэнд ойлгуулах оролдлого хийж, өөрөө бүхнийг хийсэн болж яриад байгаа нь хамгийн том, үгүйсгэж боломгүй алдаа юм.
-Телевизийн захирлаар ажиллаж байсан Ц.Оюундарь “МҮОНРТ бол живж буй титаниктай адил болжээ” гэсэн байна?
-Живж байгаа хөлгөөс харх л хамгийн түрүүнд зугтдаг байх аа. Тэгээд ч Монголчууд "Жудагтай хүн хоол идсэн тогоо руугаа нулимдаггүй” л гэдэг юм. Ц.Оюундарь өөрөө энэ байгууллагын захирлаар 3 жил гаруй хугацаанд ажилласан хүн. Анх томилогдохдоо “Би Америкт байхдаа буруу ойлгодог байжээ. Энэ сайтууд чинь дандаа худлаа мэдээлдэг юм байна. Ирээд харсан чинь шал өөр. Би энэ хамт олон дотор хүсч байсан ажлаа хийж байна” гэдэг байсан. Одоо ямар юм хаанаас нь, яаж хатгаад, ямар зорилгоор ийм юм хэлж байгааг би мэдэхгүй байна. 1934 онд радио бий болж, 1967 телевиз нь үүссэн, он гараад 80 жилийн түүхт ой нь тохиох байгууллага. Үнэндээ хөлөг онгоцыг сөнөөх гэсэн хүмүүс байсан, байсаар байгаа.
-Нийгэм танаас арай өөрөөр хардаг гэж би хараад байна. Үзэж, харах олигтой юм байхгүй гэдэг хүмүүс ихэнхдээ тааралддаг?
-Би санал нэгдэхгүй. Сониныг захиалгын тоогоор, сайтыг хандалтаар нь үнэлдэг шиг телевизийн рейтингийг үзэгчийн судалгаагаар тогтоодог дэлхийн практик байна. Тэр ч утгаараа судалгаануудаас харагдаж л байгаа шүү дээ. Дээрээс нь бид хуулиар хүлээсэн үүрэгтэй. МNВ гэдэг энэ брэндийг яг үнэндээ улс төрчид өөрсдөө унагачихсан юм. 1998 онд хэвлэл мэдээллийн тухай хууль гарахад ганцхан манайхыг авч үлдсэн. Тэгээд 2000 он хүртэл манайхыг яаж өөрсдийнхөө “цэнхэр ташуур” болгож, ард түмнийг ташуурдлаа, үр дүн нь яаж гарав? 2004 он хүртэл нөгөө хэсэг нь яаж өөрсдийнхөө “улаан сэлэм” болголоо? Тэр болгон чинь ард түмэнд эргээд бугшсан, болохгүй л юм байна гэдэг ойлголтыг суулгасан байж болзошгүй. Бидний хувьд ард түмэнд олон нийтийн болсон гэдгээ төгс ойлгуулаагүй нь буруу байж магадгүй. Түүнээс биш олон нийтийн манай байгууллагад итгэх итгэл алдраагүй юм. Бид нэвтрүүлгүүдээ хуулийн дагуу явуулж байгааг зарим нэг "үнэлэлт" өгөөд байгаа хүмүүс ойлгохгүй байгаад хэргийн учир байна.
-МҮОНРТ-ийг хувьчлах бодлого хэзээнээсээ улс төрчдөөс цухалзаж байдаг. Энэ удаад ч тийм хандлага гарахгүй гэх газаргүй юм шиг?
-Тийм хандлага чинь хэзээнээсээ байж ирсэн зүйл шүү дээ. Анх 2007 онд манайд бослого гарч байсан. Үндэсний зөвлөлийг огцрохыг шаардаж, зарим хүнийг хүнтэй хүн ёсоор харьцдаггүй хандлагаас болж өлсгөлөн хүртэл зарлаж байсан юм. Тодорхой цаг хугацааны дараа харахад тэр нь улс төр, бизнесийн бодлоготой зүйл байсан нь мэдэгдсэн л дээ. Гэхдээ одоо нэг зүйлийг амлахад бид цаашдаа улам дэвшинэ, цаашаа улам хөгжинө. Одоо энэ байгууллагыг хувьчилж болно гэж эндүүрвэл олон нийт босох байлгүй. Манай энэ байшин том биш шүү дээ. Өвөр монголын “Одон” телевизтэй харьцуулах юм бол ямар хэмжээнд байна гэдгийг ойлгож болно.
Телевизийг муулж байгаа хүмүүс ихэвчлэн Олон нийтийн телевизийн тухай ямар ч ойлголтгүй хүмүүс байдаг. Гэтэл бид олон нийтийн хүсэл, мэдэх эрхэд нийцсэн бодлогын дагуу, хуулинд захирагдаж уран бүтээл хийдэг юм шүү дээ. Тухайлбал “Тусгай салаа” киног хийснээр бид залуучуудад эх оронч үзлийг бий болгоход ихээхэн нөлөөлсөн. Одоо залуучууд цэрэгт явдаг болсон нь бодит үнэн. Энэ үзэл нь өөрөө нийгмийн захиалга байсан шүү дээ. Мөн бид эмч нарт итгэх итгэлийг сэргээсэн “Өдөр өдрийн нар” киног хийсэн. Бид хэдэн төгрөгөө халаасалж аваад л гадагшаа явж байгаа тухай шүүмжилдэг биз дээ? Тэгвэл эмч нартаа итгэх, салбараа аврах энэ мессежийг Олон нийтийн телевиз өгөхгүй юм бол өөр хэн өгөх юм? Бид бүх насныхныг, бүх гарал үүсэл, үндэс угсааг хамарсан мэдээлэл, боловсролыг өгөх үүрэгтэй. Хальт жишээ авахад л энэ шүү дээ. Хувийн телевизүүд өв соёлоо хамгаалсан, монгол зан заншлаа сурталчилсан, хүүхдүүддээ зориулсан, спортоо дэмжсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдддээ зориулсан нэвтрүүлэг явуулахгүй байх нь тэдний эрх л дээ. Олон нийтийн телевизийг хувьчилчихлаа гэж бодоход Солонгос сериалаа үзүүлээд л сууж байх нь л дээ. Бидэнд тэгэх эрх байхгүй.
-Ноён зууч 1950-ын реклам 6 сарын турш цацагдаад байхад Ерөнхий захирал нь мэдээгүй байна гэдэг үнэмшилгүй юм?
-Шинэ парламент байгуулагдсан өнгөрсөн жил манайд УИХ-ын Байнгын хорооны шалгалт орж, найман сарын турш үргэлжилсэн. Түүнээс ямар дүгнэлт гарсан бэ гэхээр Ерөнхий захирлын эрх мэдлийг задал, холбогдох салбарын захирлуудад өг гэж гарсан. Тэр ч утгаараа хөдөлмөрийн гэрээ байгуулах, санхүүгийн зарим гэрээ хэлцэл хийх гэх мэт эрхийг шилжүүлсэн байсан. Тэгэхээр гэрээ хэлэлцээр, телевизийн бодлогоо тэр хүн тодорхойлж, ерөнхий бодлогоо би өөрөө барьсан. Тэр хүрээнд хийгдсэн зүйлүүдийн нэг нь өөрийн чинь асуугаад байгаа 1950-ын асуудал байна.
-Тэрээр албанд хувийнхаа машиныг унаж, хувийнхаа камерыг хэрэглүүлж байхад М.Наранбаатарын “тэжээсэн” хүмүүс бослого гаргаж, шинэчлэлтээс зугтааж байгаа гэсэн байсан?
-Тэр үг надад гэхээсээ илүү М.Наранбаатараар “тэжээлгэсэн” гэсэн хүмүүст эмзэг тусч байгаа байх. Яагаад гэвэл тэр хүмүүс чинь өдийг хүртэл өөрийнхөө хөлс хүчээр явж байгаа шүү дээ. Би энэ байгууллагад доороос нь эхлээд 18 жил ажиллаж байна. Хамтарч ажилласан гэвэл олон хүн бий. Уран бүтээлчдийг дэмжиж, ажиллаж явсан ч юм бий. Намайг хөглөж, хурцалж, зааж сургаж явсан нь ч бий, зэмлэж, чиглүүлж байсан нь ч бий. Тэгэхээр хэн нэгний хүн гэж ангилж таарахгүй. Харин хувийнх нь машины тухайд татгалзах, дэмжих юм байгаагүй. Уран бүтээлчид түүнийг нь ЕТV-д данстай учраас ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ нотолж байгаа хэлбэр гэж үзсэн байна лээ.
-Ч.Даваабаярын тайлбарлаж байгаагаар “хурган” дарга нар хамар дороос чинь 200 саяар нь мөнгө идэж байхад та мэдээгүй байсан байх гээд байна. Ч.Даваабаяр илрүүлснээрээ гавъяатай юм биш үү?
-Нэр бүхий хүмүүсийг мөнгөний асуудалд холбож мэдээлсэн. Гэтэл тэрхүү дурдагдаад байгаа нь бүгд Ч.Даваабаярыг захирлаар ажиллах үед хийгдсэн төслүүд байдаг. Бид шат шатны байгууллагуудаар шалгуулж байна. Нөгөө талаар Ч.Даваабаяр маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Тухайлбал, “Адуучин” төсөл МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан. Төслийн нийт өртөг нь 200 сая. Үүнээс хэвлэлийн сурталчилгааны зардал гэж 11 сая төгрөг төсөвлөгдсөнөөс МҮОНРТ-д 4 сая нь орсон нь шалгах явцад нь ил болж байх шиг байна. Тэгэхээр нэг талаар Ч.Даваабаярын хэлснээр Ерөнхий сайд ивээлдээ авсан “Адуучин” төслөөрөө Л.Цагаандалайд 200 саяыг шамшигдуулах боломж олгосон болж таарч байна. Энэ асуудалд Ерөнхий сайд ч гэсэн хариулт өгөх болох нь.
-Бидний ярилцлагаас харахад Ч.Даваабаяр шиг л болохгүй хүн алга. Бусад нь энхийн цагаан тагтаа болчихлоо?
-Харин ч олон хар хэрээ, нэг энхийн цагаан тагтаатай болчихоод байгаа юм биш үү. Нөгөө цагаан тагтаа маань бяртай гэж жигтэйхэн, бүргэд, тас ч юм уу. Мөнгөтэй, төгрөгтэй, танилтай, талтай. Нуугаад яахав, би бас мэдээлэл авч байна. Зарим хэвлэлийнхэн “Бид танайхыг шударгаар мэдээлж чадахгүй нь ээ” гэж хэлж байна шүү.
-Хувь хүний хувьд Ч.Даваабаяртай хамтарч ажиллахад хүндрэл байсан уу?
-Миний хувьд үнэндээ хүндрэл байгаагүй. Товчхон хэлэхэд ер нь өөрийнхөө дарга гэж бодсон хүнтэйгээ маш сайн, зөв харьцдаг хүн юм байна. Тэр дарга нарынх нь нэг нь би байсан байх л даа.
- * -
Үндэсний зөвлөлийн дарга Г.Пүрэвдорж: “Үндэсний зөвлөл байгууллагын дотоод ажил, тэр тусмаа уран бүтээлд оролцоод, шалгаад байдаггүй”
-Үндэсний зөвлөлөөс гаргасан тогтоолын дагуу МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ч.Даваабаярыг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Үүнийг Ч.Даваабаяр хүлээн зөвшөөрөхгүй байна. Та үүнийг хэрхэн харж байна?
-Энэ асуудлыг өөрийнхөө мэдэх хэмжээнд эхнээс нь ярья. Манай телевизийн 100 гаруй ажилчдын гарын үсэг бүхий Ч.Даваабаяр захирлыг үүрэгт ажлаас нь ажлын тав хоногийн дотор чөлөөлөхийг хүссэн хүсэлт Үндэсний зөвлөлд ирсэн. Тухайн үед Үндэсний зөвлөлийн хурал гурав хоногийн дараа болох байсан учраас бид уг хүсэлтийг гишүүдээрээ урьдчилан тараасан. Мөн хурлын өмнө энэ асуудлыг нягтлахаар миний бие, Үндэсний зөвлөлийн өргөдлийг шалгах хорооны дарга Д.Гоошоохүү, Өргөдлийг шалгах хорооны гишүүн, хууль зүйн ухааны доктор С.Цэрэндорж нартай хамтран явуулсан. Манай телевизийн ажилчдыг төлөөлж 100 гаруй хүн бидэнтэй уулзсны дараа асуудлыг тэнцвэртэй сонсохын тулд Ч.Даваабаяртай тусгайлан уулзалт хийсэн л дээ. Мэдээж үндэсний зөвлөлийн нэгдсэн шийдвэр гараагүй байсан болохоор зөвхөн ярихыг нь сонссон. Өөрөөр хэлбэл, бид асуудлыг нэлээд судалсан л гэсэн үг.
-Тэгээд?
-Үндэсний зөвлөлийн хурлаар бид гурав хийсэн уулзалтуудаа танилцуулсан. Мөн тэр хурал дээр хурлын заалны багтаамжаас шалтгаалан ажилчдын төлөөлөл хорь гаруй хүн оролцож, гаргасан хүсэлтээ тайлагнасан юм. Уг хурлаар бид “МҮОНТ-ийн нэр бүхий ажилтнууд, МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр нарын хооронд үүссэн ноцтой зөрчлийн шалтгааныгсудалж арилгах талаар албан үүрэг эрх мэдлийнхээ хүрээнд тодорхой арга хэмжээ авч, үр дүнг нь 2013 оны 12 сарын 2-ны дотор үндэсний зөвлөлд мэдээлэхийг МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарт үүрэг болгосугай” гэсэн тогтоол гаргасан. Энэ тогтоол ганцхан өгүүлбэрт багтсан боловч бид тал талаас нь маш сайн хэлэлцэж, цэг таслал бүр дээр хянамгай хандсан гэдгээ хэлмээр байна. Учир нь МҮОНРТ-ийн хуулинд зааснаар Үндэсний зөвлөл хуулиараа радио, телевизийн захирлыг томилдоггүй. Аливаа асуудалд хурлаа хуралдуулж, олонхийн саналаар шийдвэр гаргадаг юм.
-МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарын гаргасан шийдвэр асуудлыг нягтлалгүй хэт түргэдсэн гэх шүүмжлэлийг Ч.Даваабаярын зүгээс гаргаад байгаа. Та шүүмжлэлтэй санал нийлж байгаа юу?
-Ерөнхий захирал бүрэн эрхийнхээ хүрээнд радио, телевизийн захирал болох хүнээ сонгоод Үндэсний зөвлөлд танилцуулдаг. Өөрөөр хэлбэл, Үндэсний зөвлөлтэй зөвшилцдөггүй, танилцуулдаг л гэсэн үг. Тийм учраас халах солих асуудлыг мөн л Ерөнхий захирал бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх эрхтэй. Тэр дагуу л гарсан шийдвэр болов уу.
Үндэсний зөвлөлийн зүгээс тогтоол гаргасны дараа Ерөнхий захирлын тушаал гарч, тэр өдрийнхөө таван цагийн үед Ч.Даваабаяр захиралд танилцуулж байгаа талаар надад албан ёсоор мэдэгдсэн. Миний зүгээс тогтоолд дурдсаны дагуу Үндэсний зөвлөлд мэдээлж байгаа хэрэг гэж ойлгосон л доо. Тийм учраас тэр даруй Ерөнхий захирлын уг шийдвэрийг Үндэсний зөвлөлийн гишүүдэд цахим хэлбэрээр тараасан. Яагаад гэхээр Үндэсний зөвлөлийн дарга өөрөө бие дааж шийдвэр гаргах эрхгүй. Үндэсний зөвлөлийн гишүүдэд танилцуулах, мэдээлэх эрх үүргийн хүрээнд ажиллаж байгаа хэрэг л дээ.
-Мөн Ч.Даваабаяр Үндэсний зөвлөлд гомдол гаргасан гэсэн. Гомдлыг хэзээ хэлэлцэх вэ?
-Гомдлыг ээлжит хурлаараа хэлэлцэх болов уу гэж бодож байна.
-Ч.Даваабаяр зарим албадын дарга нарыг их хэмжээний мөнгө зувчуулсан талаар мэдээлэл хийсэн. Эргүүлээд зарим уран бүтээлчид түүнийг мөн шүүхэд өгөхөө мэдэгдээд байгаа. Энэ мэтээр нэгнээ хэмлэсэн байдал МҮОНТ-ийг төсвийн мөнгөөр тоглоод сууж байдаг байгууллага юм шиг харагдуулж байх шиг?
-“Нэг минут-нэг сая”, “Мисс Монголиа” гээд хэд хэдэн нэвтрүүлэгт Ч.Даваабаяр ерөнхий захирлыг орлож байхдаа дотоод аудитын шалгалт оруулсан юм билээ. Ч.Даваабаярын хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ерөнхий захирлын шийдвэр гарсан хойно уг шалгалтыг үргэлжлүүлэн явуулах уу гэж Ч.Даваабаяр өөрөө надаас асууж байсан. Би холбогдох албаны даргаас тодруулахад “шалгалтыг үргэлжлүүлнэ” гэсэн хариу өгсөн.
Бас нэг зүйлийг тодруулж хэлэхэд, үндэсний зөвлөл угаас байгууллагын дотоод ажлууд, тэр тусмаа уран бүтээлийн ажилд оролцоод, шалгаад байдаггүй. Зөвхөн стратегийн холбогдолтой асуудлуудыг шийддэг. Үүнийг хүмүүс тэр бүр мэддэггүй юм шиг.


















