Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын цэргийн эвсэл Казахстанаас гарч эхэллээ

ОХУ тэргүүтэй цэргийн эвсэл Казахстаны Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал намжмал болсны дараа тус улсаас цэргээ татаж эхэллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын цэргийн эвсэл Казахстанаас гарч эхэллээ
Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын цэргийн эвсэл Казахстанаас гарч эхэллээ. Зураг: МҮОНРТ

ОХУ тэргүүтэй цэргийн эвсэл Казахстаны Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал намжмал болсны дараа тус улсаас цэргээ татаж эхэллээ.

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага пүрэв гарагаас эхлэн 2000 гаруй цэргээ татан гаргаж эхэлснийг эх сурвалжууд мэдээлж байна. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өөрийн улсад дэг журам тогтсон гэж онцолсноос гурав хоногийн дараа ийм алхам хийж байна.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа ХАБГБ олон улсын найдвартай байгууллага болохын хувьд ач холбогдолтой, үр дүнтэй гэдгээ харууллаа гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Казахстаныг Оросын "Хамгийн ойрын түнш, холбоотон" гэж тодорхойлсон. Казахстаны удирдлага одоо нийгэм, эдийн засаг, улс төрийн асуудлаа тайван орчинд тайван яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх боломжтой болно гэж тэрбээр хэллээ.

Энэ сарын эхээр Казахстан даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, олон энгийн иргэн болоод цагдаагийн албан хаагч амиа алдсан. Тус улсын Засгийн газар эдгээрийг гадаадын зэвсэгт дайчид оролцсон террорист ажиллагаа гэж мэдэгдсэн юм.

Засгийн газар ХАБГБ-ын бүрэлдэхүүний тусламжтайгаар эсэргүүцлийн жагсаалыг дарж, 10.000 орчим хүнийг баривчилжээ.

Эмх замбараагүй байдлыг зохицуулахад Москва гол үүрэг гүйцэтгэсэн гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин онцлон тэмдэглэснийг хуучин ЗХУ-ын харьяанд байсан Казахстанд Оросын нөлөөг нэмэгдүүлэхийг хүсч байна гэж шинжээчид үзэж байна.

Хуваалцах