Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо

Сар бүрийн сүүлийн баасан гарагт яам, агентлагийн удирдлагуудтай хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал өнөөдөр болж Ерөнхий сайд Н.Алтанхуяг удаашралтай байгаа ажлуудыг нэрлэж, хариуцлагаа дээшлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад анхаарууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо
“Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Сар бүрийн сүүлийн баасан гарагт яам, агентлагийн удирдлагуудтай хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал өнөөдөр болж Ерөнхий сайд Н.Алтанхуяг удаашралтай байгаа ажлуудыг нэрлэж, хариуцлагаа дээшлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад анхаарууллаа.

Энэ онд “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурлыг долоон удаа зохион байгуулахад ЭХЯ, БХБЯ, ҮХААЯ-ны ТНБД нар бүрэн оролцсон бол ХЗЯ, ЗТЯ-ны дэд сайдууд тус бүр зургаан удаа, БОНХЯ, БХБЯ-ны дэд сайдууд тус бүр дөрвөн удаа, ГХЯ-ны ТНБД тав, БХЯ-ны ТНБД дөрөв, ЭЗХЯ-ны ТНБД гурван удаа оролцоогүй байна. Энэ хурлаар олон чухал ажлын явцыг сонсч, төрийн байгууллагуудын ажлыг уялдуулан үүрэг чиглэл өгдөг учраас ирцдээ анхаарахыг Засгийн газрын тэргүүн хурлын эхэнд санууллаа.

“ЭЗЭН-100” зорилтот ажлын тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн, ирэх долоо хоногт УИХ-ын гишүүд, намын бүлгүүдэд хүргүүлнэ. Одоо төсвийн төсөлд анхаарал хандуулан ажиллаж байна. БНХАУ-ын төрийн тэргүүний айлчлалын мөрөөр хийх ажлын төлөвлөгөө, ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалтай холбогдуулан ирэх мягмар гарагт Засгийн газар хуралдах тул яамд хуваарьт ажлуудынхаа мэдээллийг яаралтай нэгтгэж өгөөрэй гэж Ерөнхий сайд цаг үеийн онцлох ажлуудын талаар тайлбар, чиглэл өглөө.

Түүнчлэн аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох авто замын зарим ажил удаашралтай байна. Энэ жил ашиглалтад оруулахаар төлөвлөсөн Дорнодын замын хэсэгт гэрээ цуцалсан компанийн оронд гүйцэтгэгч сонгон шалгаруулаагүй, Хөвсгөл чиглэлд Уньт-Тариалангийн замд гүүр хоолойн ажил удаашралтай байгааг анхаарууллаа. Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатарын замуудыг 9-10 дугаар сард хүлээж авна. Харин Дорнодын замыг энэ онд бүрэн дуусгаж амжихааргүй байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

ДЦС-IV-ийн 100 МВт-ын өргөтгөлийг 11 дүгээр сарын 15 гэхэд ашиглалтад оруулна. 300 МВт-ын хүчин чадалтай Амгалан дулааны станцын эхний зуухыг 11 дүгээр сард багтаан ажиллагаанд жигдрүүлнэ гэж салбар хариуцсан яам амлалаа. Дулааны III цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийг зургаадугаар сард ашиглалтад оруулсны дээр энэ томоохон хоёр бүтээн байгуулалтыг удахгүй ашиглалтад оруулах нь манай улсын эрчим хүчний салбарт сүүлийн 25 жилд хийгдээгүй шинэчлэл болж байгаа юм.

ЭЗХЯ, Хөгжлийн банк зарим ажлыг саатааж удаашруулж байна. 888 төслийн санхүүжилтэд зориулж гаргасан 275 тэрбум төгрөгийн 150 тэрбум нь банкуудад “хэвтэж” байгаа нь ажлын хурдыг нь харуулах үзүүлэлт гэж Засгийн газрын тэргүүн шүүмжиллээ. Иймд зээлийн санхүүжилтийг үйлдвэрлэгчдэд олголгүй чирэгдүүлж байгаа банкуудад хариуцлага тооцож ажиллахыг даалгалаа. Түүнчлэн, Засгийн газраас жилийн өмнө баталсан Ойн цэвэрлэгээний хөтөлбөрийг муу хэрэгжүүлж байна, ажлын явцаа Засгийн газрын хуралдаанд танилцуулаарай гэсэн үүргийг Ерөнхий сайд БОНХЯ-нд өглөө.

Хуваалцах