Хариуцлагатай иргэдэд зээл олгоно
Бичил зээлд хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төрөөс худалдан авах, зах зээлд борлуулах боломжийг бүрдүүлж онлайн худалдаа, сайн өдрийн зах, бичил бизнесийн зах ажиллуулан бодлогын хувьд дэмжих юм байна.
Мэдээллийн алба

“Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийн уулзалт хэлэлцүүлэг Захирагчийн ажлын албаны хурлын зааланд боллоо.
Хурлаар нийслэлийн нийгэм эдийн засгийн 2014 оны зорилтын хүрээнд бичил бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор Бичил зээлийн сан байгуулах гэж буй талаараа Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай мэдээлэл хийсэн.
Нийслэлийн иргэдийн бичил бизнесийг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж өрхийн амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэх боломж бүрдэнэ. Бичил зээлийн хэмжээ таван сая хүртэл төгрөг бөгөөд жилийн хүү нь нэг хувь, зээлийн хугацаа 24 сар хүртэл байх юм.
Бичил зээлд хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төрөөс худалдан авах, зах зээлд борлуулах боломжийг бүрдүүлж онлайн худалдаа, сайн өдрийн зах, бичил бизнесийн зах ажиллуулан бодлогын хувьд дэмжих юм байна.
Зээл авах иргэд нь цахилгаан, хог, дулаан, ус гэх мэт төлбөрөө цаг хугацаанд нь төлдөг иргэний хариуцлагатай, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдсан, бичил бизнесийн төсөл, төлөвлөгөөтэй байх, банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй, тухайн хороонд нэгээс доошгүй жил оршин суусан, зээлийн барьцаанд бариулах хөрөнгөтэй байх гэх мэт шалгуур тавихаар төлөвлөж байна.


















