Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хүчиллэг хоолноос татгалзах хэрэгтэй

Манай улсын хүн амын дундах нас баралтын таван тохиолдол тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна. Хавдар нь анхан шатандаа ямар нэгэн зовиур шинж тэмдэг мэдэгддэгүй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хүчиллэг хоолноос татгалзах хэрэгтэй
Хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хүчиллэг хоолноос татгалзах хэрэгтэй. Зураг: МҮОНРТ

Манай улсын хүн амын дундах нас баралтын таван тохиолдол тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна. Хавдар нь анхан шатандаа ямар нэгэн зовиур шинж тэмдэг мэдэгддэгүй. Хорт хавдраар өвчлөгсдийн 76 хувь нь хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдох тохиолдол их байгаа юм. Иймд МҮОНРТ, ХСҮТ, Хаан банк сан хамтран зургаа дахь жилдээ “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг хэрэгжүүлж байна.

Энэ жилийн хувьд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг Дархан-Уул аймгаас эхлүүлсэн. Монголчуудын хувьд ходоод, элэгний хавдарт хамгийн их өртдөг байна. Энэ нь агаар, хөрсний бохирдол, архи, тамхины хэт их хэрэглээ, зохисгүй хооллолт, уур амьсгалын эрс тэс байдал зэрэг олон хүчин зүйлээс үүдэлтэй аж.

Хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд ард иргэд амьдралын буруу дадал хэвшлийг засах хэрэгтэй, мөн заавал өвдсөн үедээ биш ядаж зургаан сард нэг удаа хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаж байх шаардлагатайг эмч нар анхааруулж байна.

Хөгцтэй ааруул, ээзгийг хүнсэндээ хэрэглэж болохгүй

Хавдар судлалын үндэсний төвийн дурангийн эмч Ж.Оюунчимэг “Хүчиллэг хоолноос аль болох татгалзах хэрэгтэй. Тухайлбал, хүчиллэг жимс болоод давсны хэрэглээ, шарсан, хайрсан, хагас утлагатай бүтээгдэхүүний хэрэглээг багасгах шаардлагатай. Мөн монголчууд хөгцөрсөн бүтээгдэхүүнийг /ааруул, ээзгий гэх мэт/ сайн гэж хүнсэндээ их хэрэглэдэг. Энэ нь ходоод, элэгний хорт хавдар тусахад хүргэдэг. Иймээс дандаа эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнс, экологийн цэвэр бүтэгдэхүүнийг хэрэглэж занших шаардлагатай”-г зөвлөлөө.

Иргэд хавдартай эсэхээ мэдэхийн тулд заавал ХСҮТ-д хандах, эсвэл хавдрын эсрэг аяныг хүлээх шаардлагагүй орон нутгийн эмчдээ хандаж, тогтмол шинжилгээ оношилгоонд хамрагдаж болох юм. Орон нутгийн эмч нарын чадвар болоод оношлох тоног төхөөрөмж сайжирсан гэдгийг ХСҮТ-ийн эмч нар хэлж байв.

Шалтгаангүйгээр турж, ядраад байгаа бол эмчид хандаарай

ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн их эмч П.Бат-Ирээдүй “Элэгний хавдартай хүмүүсийг голлож үзэхийг хүсч байна. B, C вирус, элэгний хатууралтай хүмүүс болон 45-аас дээш насны, элэгний хавдартай байж болзошгүй, сүүлийн үед шалтгаангүй турж, ядраад байгаа, вирусын халдвар авсан хүмүүс голлон хандаасай гэж хүсч байгаа”-гаа дуулгасан.

Нарийн мэргэжлийн эмч нар хүн болгоныг үзэж, оношилно гэвэл хугацаа их орно. Бас хөрөнгө мөнгөний асуудал үүсэх тул эрсдэлт бүлэгт шинжилгээ хийж, хавдрыг эрт илрүүлэх нь чухал ач холбогдолтойг эмч мэргэжилтнүүд хэлж байлаа. Хэрэв та орон нутагт амьдардаг бол харьяа эмнэлэгтээ очиж, шинжилгээ оношлогоонд хамрагдах бүрэн боломжтой юм байна.

Хуваалцах