“Хаврын баяр 2016” наадам энэ сарын 30-нд Токио хотод болно
Япон дахь Монгол оюутны холбоо болон дэмжигч Япон иргэдийн хамтран зохион байгуулдаг “Хаврын баяр 2016” наадам Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 30, ирэх сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Мэдээллийн алба

Япон дахь Монгол оюутны холбоо болон дэмжигч Япон иргэдийн хамтран зохион байгуулдаг “Хаврын баяр 2016” наадам Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 30, ирэх сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. 1998 оноос хойш Япон оронд Монгол соёл, зан заншил, ахуйг таниулах зорилготой зохион байгуулагдаж ирсэн уг наадмыг энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа юм.

Жил бүр тодорхой сэдвийн дор явагддаг уг наадам энэ жил “Монгол хөгжлийн түлхүүр: Хүүхэд, боловсрол, хүсэл эрмэлзэл” гэсэн сэдвийн дор зохион байгуулагдаж байгаагаас гадна хүүхдийн бэсрэг наадам нэмэгдсэнээрээ өмнөх жилийнхээс онцлогтой болох ажээ.
Хүрэлцэн ирсэн зочид хоёр өдрийн турш Монгол дуу хуур сонсож, Монгол хоол идэж, Монголын талаарх гэрэл зургийн үзэсгэлэн зэргийг үзэж сонирхох боломжтой. Түүнчлэн Монгол хувцас, тоглоом, хөгжмийн зэмсгүүдийг өөрсдийн биеэр өмсч, тоглож үзэж боломжтой ажээ.
Энэ удаагийн наадмыг “Олон улсын Арслан клуб”, “МИАТ”, “Эбисүяа” ХХК, “Сайтама рэжя” ХХК-иуд ивээн тэтгэж байгаа юм.



















