ХБНГУ ОХУ-ын Элчин сайдын яамны 40 ажилтныг эх орноосоо гаргана
Германы Гадаад хэргийн яам Берлин дэх ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудыг улсаасаа гаргахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Германы Гадаад хэргийн яам Берлин дэх ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудыг улсаасаа гаргахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ. Германы "Фокус" вэб сайтад мэдээлснээр энэ шийдвэр Элчин сайдын яамны 40 ажилтанд хамаарч байна.
Германы гадаад яамнаас даваа гарагт “Бидний эрх чөлөөний эсрэг, нийгмийн эв нэгдлийн эсрэг ажиллаж байсны учир ОХУ-ын Элчин сайдын яамны цөөнгүй ажилтныг “персона нон грата” буюу "тааламжгүй этгээд" хэмээн зарлах шийдвэрийг Холбооны засгийн газар гаргалаа. Тус шийдвэрийг Оросын элчин сайдад хүргүүлсэн. Бид Орос улсын эсрэг хориг арга хэмжээг улам чангатгаж, Украины зэвсэгт хүчинд үзүүлэх дэмжлэгээ өргөжүүлж, НАТО-гийн зүүн жигүүрийг бэхжүүлэх болно” гэж мэдэгдлээ.
Үүнээс өмнө гуравдугаар сарын 29-нд Бельги, Нидерланд, Ирланд зэрэг Европын хэд хэдэн улс Оросын дипломатчдыг нутгаасаа албадан гаргах шийдвэр зарласан.
Түүнчлэн Литва, Латви, Эстони, Болгар, Польш, Словак, Чех зэрэг Европын холбооны хэд хэдэн улс Оросын дипломатчдыг эх орныг нь орхин явахыг шаардаж байгаа юм.


















